Өнөөдөр анхны гар утасны яриа хийгдсэн өдөр
Энэ бол хүн анх удаа гудамжнаас үүрэн утас ашиглан ярьсан тохиолдол байв. Энэ хүртэл хөдөлгөөнт утас нь машин болон бусад хөдөлгөөнт тээврийн хэрэгсэлд суурилуулсан утаснуудаар хязгаарлагдаж байсан билээ. Ноён Мартин Куперийн дэлхийн анхны гар утасны дуудлага хийсэн загвар нь 1,1 кг жинтэй, 23 см урт, 4,5 см өргөн, 13 см зузаантай байжээ. Энэ утсаар хамгийн ихдээ 30 минут ярьж болдог байсан бөгөөд түүнийг бүрэн цэнэглэхийн тулд 10 цаг шаардагдаж байж. Үүрэн телефоны хөгжилд 1973 онд Моторалагийн эзэн, анхны яриа хийсэн Куперийн босс байсан Жон Митчелл /John F. Mitchell/ үнэтэй хувь нэмэр оруулсан. Гэхдээ Митчелл өргөн хэрэглээнд нэвтрэхүйц аятайхан хэлбэр, хэмжээтэй болгох тал дээр олигтой амжилт олоогүй юм. Одоогийн бидний хэрэглэж байгаа хэмжээнд хүртлээ технологийн маш олон үе шатуудыг туулсан бөгөөд тухайн шинэ давалгаа бүхэн энэ салбарын хөгжилд түлхэц болсоор ирсэн.
Хүн төрлөхтөн радио нэвтрүүлгийг алс холд нэвтрүүлэх технологийг харьцангуй өмнө нээж удаанаар хөгжүүлсэн боловч хөдөлгөөнт холбооны хэрэгсэл үүссэнээс өнөөгийн ухаалаг утас болох үйл явц нь бодсоноос хурдтай байлаа. Үүнд интернэтийн хөгжил ч нөлөөлсөн нь тодорхой.
Түүх сөхвөл анх 1918 онд Германы төмөр замд Берлин болон Зоссен хотын хооронд явдаг цэргийн галт тэргэнд утасгүй хүлээн авагч суурилуулж туршиж 1924 оноос Берлин Гамбургийн чиглэлийн зорчигчийн галт тэргэнд ашигласан нь анхдагч болно. 1925 онд галт тэргэнд суурилуулах утасны компани байгуулагдаж, 1926 оноос Рейхсбахийн болон Гамбург Берлиний нэгдүгээр зэргийн зорчигчдод шууд ашиглах боломж олгож байжээ.
1906 онд английн зураач Левис Баумер “1907 оны урьдчилсан мэдээ” зурагтаа Лондонгийн Хайд паркд хосууд болзохдоо үүрэн телефон ашиглаж байгаагаар дүрсэлсэн бол 1926 онд зураач Карл Арнольдын Германы Симплсисмус сэтгүүлд нийтлэгдсэн “Утасгүй утас” зурганд гудамжинд яваа хүмүүс нэг төрлийн үүрэн төхөөрөмж ашиглаж байгаагаар буусан нь хүн төрлөхтөн энэхүү системийг хүсэн мөрөөдөж байсны илэрхийлэл буй заа.
Цэргийн холбооны үүрдэг төхөөрөмжөөс дэвшин 1940 оноос эхлэн автомашинд суурилуулсан төхөөрөмжүүд нь эрчим хүч их шаарддаг, хязгаарлагдмал хүрээнд л дуудлага хүлээж авч байсан бол 1979 оноос 1G /аналог суурьтай/, 1990 оноос 2G /дижитал суурьтай/, 2001 оноос 3G /өндөр хурдны холболттой, радио, ТВ үзэх боломж нээгдсэн/, 2009 оноос 4G технологийн /төрөл бүрийн аппликэйшин, дүрсээ харж ярих, олноороо холбогдох боломж/ үе эхэлсэн бол өнөөдөр энэ салбар дэлхий даяар 5G технологи /бүх ахуйн төхөөрөмжүүд ухаалаг болж, он лайн горимд ажиллах, хэт өндөр хурдны интернэт/ нэвтрүүлэхээр ажиллаж байна.
1973 онд хийгдсэн анхны дуудлага дэлхийг өөрчлөх эхлэл байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ