Сарын тэмдгийн аяганы талаарх мэдэх ёстой зүйлс

Сарын тэмдгийн аяга гэдэг нь ариун цэврийн хэрэглэл болон тампоныг орлох зориулалттай эрүүл ахуйн бүтээгдэхүүн юм. Уламжлалт ариун цэврийн хэрэгслүүд шингэнийг өөртөө шингээж авдаг бол сарын тэмдгийн аяга шингэнийг дотроо цуглуулдгаараа онцлог билээ. Уг аягыг эмнэлгийн зориулалттай силикон эсвэл латекс материалаар хийдэг ба хэлбэр, хэмжээ нь үйлдвэрлэгч болон брэндээс хамааран өөр, өөр байдаг ч хоорондоо ерөнхийдөө төстэй, хонх хэлбэртэй бөгөөд ёроолдоо үтрээнд хийж, авахад туслах жижиг бариултай байдаг. Аягыг зааврын дагуу нугалж үтрээнд хийхэд дэлгэгдэж шингэнийг дотроо цуглуулдаг юм. 

Энэхүү аяга нь олон удаа хэрэглэхэд зориулагдсан бөгөөд 4-5 цаг тутамд гаргаж, угааж цэвэрлэсний дараа ахин ашиглах боломжтой. Хатуу материалтай аяга фитнессээр хичээллэхэд, тодорхой ачаалал авч байгаа үед тохиромжтой байдаг. Зөөлөн материалтай аяга аарцгийн булчин сул эсвэл сарын тэмдгийн үед өвдөлт мэдэрч байгаа эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой. Харин өдөр тутамд хатуу зөөлөн нь дунд зэргийн материалтай аяга хэрэглэж болно. 

Хэдэн цагийн зайтай солих хэрэгтэй вэ?

Аягыг 4-5 цагийн дотор гаргаж, цэвэрлэж хэвших хэрэгтэй. Ерөнхийдөө тампонтой адил л гэсэн үг. Энэ хугацаанаас хэтэрвэл эмгэг төрүүлэгч бичил биетнүүд ​​үүсэх эрсдэлтэй байдаг. Хэдий аягыг бүтэн өдөр хэрэглэхэд тохиромжтой, эрүүл ахуйн стандартад нийцсэн бүтээгдэхүүн гэдэг ч өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд тогтмол гаргаж, цэвэрлэж байх шаардлагатай билээ. Мэдээж гэрийн бус нөхцөлд аягыг тогтмол солих нь хүндрэлтэй байж болох ч таван цагаас удаан байлгахгүй байхыг хичээгээрэй.

Сарын тэмдгийн аягыг хэрэглэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Аливаа бэртэл гэмтлээс өөрийгөө хамгаалахын тулд аягыг дотор хийх болон гаргаж авах үед огцом хөдөлгөөн хийлгүйгээр маш болгоомжтой хандах хэрэгтэй. Аягыг зааврын дагуу нугалж үтрээнд байрлуулсны дараа нугалаа нь дэлгэгдэж аяга тогтох болно. Харин гаргаж авахдаа аяган дээр бага зэрэг дарж үтрээнд “наалдсан” хэсгийг суллаж зөөлөн гаргаж авна. 

-Хэрэглэсний дараа заавал цэвэрлэж, ариутгаж занших хэрэгтэй. Өдрийн турш эмэгтэйчүүдийн зориулалтын саван ашиглан хэрэглэж болно. Харин сарын тэмдэг дууссан бол хлоргексидины уусмалаар ариутгаад хураана. 

-Хэрэв үтрээн дотор байрлуулсны дараа эхний хэдэн минутад бага зэрэг таагүй мэдрэмж арилахгүй бол өөр хэмжээтэй аяга хэрэглэж үзэх нь зүйтэй.

-Тухайн бүтээгдэхүүний сав баглаа болон заавар дээр заагаагүй л бол сарын тэмдгийн аягыг бэлгийн харьцаанд орж байх үед хэрэглэхэд тохиромжгүй.


Ямар тохиолдолд сарын тэмдгийн аяга хэрэглэх хориотой вэ?

Үтрээ, умайн хүзүүний гэмтэл болон хавдар, шээсний замын үрэвсэл, аарцгийн эрхтнүүдийн пролапс (бага аарцгийн хөндийн эрхтнүүд үтрээгээр буюу шулуун гэдсээр унжиж ил гарах өвчин) зэрэг асуудлуудтай эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн аяга тохиромжгүй. Гэхдээ эрүүл мэндийн асуудалгүй зарим бүсгүйчүүдэд энэхүү аяга нь тухгүй, тохиромжгүй санагдаж магадгүй юм. Жишээ нь, зарим эмэгтэйчүүдэд аяга хэрэглэх үед байнгын таагүй мэдрэмж төрдөг. Аяга нь тампонтой харьцуулбал илүү том хэмжээтэй гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв та байнгын таагүй мэдрэмжтэй байгаа бол арай жижиг хэмжээтэй аяга сонгох эсвэл бусад хувийн ариун цэврийн бүтээгдэхүүн сонгосон нь дээр.

Сарын тэмдгийн өвдөлтийн үед аяга хэрэглэж болох уу?

Сарын тэмдгийн аяга нь сарын тэмдгийн үед илэрдэг өвдөлтөд ямар ч байдлаар нөлөөлдөггүй. Гэхдээ энэ нь нэмэлт таагүй мэдрэмж үүсгэж болзошгүй тул зарим эмэгтэйчүүд энэхүү өвдөлтийг тэвчихэд бэлэн биш байдаг. Энэ нь физиологийн гэхээсээ илүү сэтгэл зүйн асуудал юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ