"Говь" ХК Хөгжлийн банкнаас 31 тэрбум төгрөгийн зээл аваад "Таван богд"-ын өөр компанийн зээлийг төлжээ
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь ээлжит сонсгол эхэллээ.
Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр томилогдон 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Дотоодын аж ахуйн нэгжүүдэд түүхий эд татан авахад нь зориулж 100 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг "Ноолуур" хөтөлбөрийн хүрээнд олгожээ. Энэ хөтөлбөрийг гүйцэтгэх захирал асан Батбаяр хэрэгжүүлжээ. Капитал банк энэ хөтөлбөрийг дамжуулан зээлдүүлсэн ч зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд тус банкны захирал асан Д.Ариунболдыг дуудах шаардлагатай гэж шинжээч дүгнэв. Тэрээр "Мөнх хаан трэйд" компаниараа 5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэвч тэрээр сонсголд ирсэнгүй. Энэ зээлийн хувийн хэргийг устгасан байж болзошгүй гэж шинжээч танилцуулсныг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр маш ноцтой гэв.
2015 онд УИХ тогтоол гарган, "Ноолуур" хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.
"Говь" ХК нийт 5 удаа болон өөрийн хамаарал бүхий "Дулаан гэр" компаниар дамжуулан 31.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Иймд тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайханыг дуудсан юм. Тус компани дээрх зээлээр "Таван богд"-ын өөр компанийн зээлийг хаахад ашигласан. Мөн хадгаламжийн дансандаа хадгалж байжээ. Энэ нь тус компанийн Голомт банктай байгуулсан гэрээг зөрчжээ. Энэ зээлийг тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор авсан ч зээлээ зориулалтын бусаар ашигласан гэж шинжээч дүгнэв.
"Таван богд" групп Хөгжлийн банкнаас "Гоёо", ХААН банк, "Улаанбаатар гурил" компаниар дамжуулан мөн зээл авчээ. Нийт 226 тэрбум төгрөгийг жилийн 8-9 хувийн хүүтэй авчээ. Ингэснээр тус банкнаас хамгийн их хэмжээний зээл авсан байна.
"Снөү фийлдс" компани 9.3 тэрбум төгрөгийн зээл аваад мөн л зээлийг зориулалт бүсаар зарцуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ