БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн шинэ Ерөнхий сайдаар Ли Цяныг томиллоо

БНХАУ-д явагдаж буй Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын чуулганаар Ли Цяныг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн шинэ Ерөнхий сайдаар томиллоо. 2017 оноос хойш Шанхай хотын Коммунист намын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүнийг чуулганы 2900 гаруй төлөөлөгч санал нэгтэйгээр дэмжжээ.

Харин 2012 оноос хойш БНХАУ-ын Ерөнхий сайдаар ажилласан Ли Көцян сүүлчийн удаа тайлангаа тавьж, албан тушаалаасаа албан ёсоор буулаа.

Түүний халааг авч буй 63 настай Ли Цян нь Ши Жиньпины ойрын хүнд тооцогддог. Тэрээр өнгөрсөн онд цар тахлын дэгдэлтийн улмаас  Шанхай хотод удаан хугацаагаар хөл хорио тогтоосон нь эдийн засгийн ноцтой хохирол дагуулж иргэдийн зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарч байсан.

Ли нь Ши Жиньпинийг үйлдвэрлэлийн төв болох зүүн өмнөд нутгийн Жэжян мужийн намын  даргаар ажиллаж байх үеэс нь штабын даргаар нь сонгогдож ойр дотно ажиллаж эхэлжээ.

Дараа нь тэрээр тус мужийн захирагч болон Жянсу мужийн Намын дэд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ