Эрчим хүчний шинэ сэргэлт тарифын шинэтгэлээр дамжин хэрэгжинэ
“Эрчим хүчний салбарын санхүүгийн чадавхийг сайжруулах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт, семинарыг Эрчим хүчний зохицуулах хороо, Дэлхийн банк хамтран зохион байгууллаа. Энэхүү семинарыг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа “Монгол улс дах цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифын шинэтгэлд үзүүлэх дэмжлэг” төслийн хүрээнд хийж байгаа юм.
Тус төсөл манай улсад 2022 оны есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. 2 жилийн хугацаанд үргэлжилнэ. Уулзалтаар уг төслийн хүрээнд гүйцэтгэж байгаа эрчим хүчний салбарын нийт зардлыг тодорхойлох судалгааны загварын аргачлал, таамаглал, тоо мэдээллийн үнэн зөв байдал, урьдчилсан дүгнэлтийг Дэлхийн банкны зөвлөх багаас танилцуулж санал солилцлоо.
Эрчим хүчний салбарын нийт зардлын судалгаа нь 2023 оны 6 дугаар сард хийгдэж дуусах бөгөөд судалгааны үр дүнг бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид бусад оролцогч талуудад танилцуулан эрчим хүчний үнэ тарифын шинэтгэлийн дараагийн алхмуудыг хэрэгжүүлэх юм.
Уулзалтад Дэлхийн банкны Үйл ажиллагаа эрхэлсэн менежер Ноён Алехандро Алкала Герез, Дэлхийн банкны эрчим хүчний ахлах мэргэжилтэн Янцин Сонг болон зөвлөх баг, ЭХЗХ-ны зохицуулагчид, Үнэ тарифын газрын мэргэжилтнүүд, цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн санхүү эдийн засаг, төлөвлөлтийн албадын төлөөлөл оролцсон юм.
Мөн зөвлөгөөний үеэр Дэлхийн банкны зөвлөх экспертүүд бусад улс орнууд дахь эрчим хүчний үнэ тарифын шинэтгэлийн туршлагыг хуваалцлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ