ЦЕГ: Ганц О.Мөнхжинг БИШ Монгол Улсад гарсан бүх КОЙН, токеныг шалгаж байгаа гэдгийг ХАРИУЦЛАГАТАЙГААР хэлье

Цагдаагийн ерөнхий газраас койн, крипто валюттай холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун “Койнтой холбоотойгоор нийт 490 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна. Монгол Улсын хэмжээнд койн, токен 64 койн гаргасан. Ганц Мөнхжинг биш Монгол Улсад гарсан бүх койн, токеныг шалгаж байгаа гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

Бид койны ханш унасан асуудлыг шалгаагүй. Мэдээлэлд ойр байдлаа ашиглан гэмт хэргүүд үйлдсэн эсэхийг шалгаж яваа. Цагдаагийн байгууллага хийх ёстой зүйлээ хийж явна.

Түүнчлэн хэрэгт холбогдсон иргэд цахим орчинд янз бүрийн байдлаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байна. Үүнийг дагаад цахим орчинд идэвхтэй иргэд бодит мэдээллийг мэдэхгүйгээр худал мэдээллийг олон нийтэд түгээж байна. Тухайн иргэний гадаад паспортын зургийг цахим орчинд цагдаагийн байгууллагаас тавиагүй. Хэрэгт ашиглаж буй материалыг задалбал цагдаагийн байгууллагын өөрсдийн ажилд саад болно” гэв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр “Бүх койн, токен дээр хууль зөрчсөн үйлдэл байгаа эсэхийг шалгаж байгаа. Дан ганц IHC койныг шалгаагүй. Койн, токентой холбоотойгоор зөвхөн гэмт хэргийн үйлдэл агуулга байна уу гэдгийг шалгана. Түүнээс биш койн гаргасныг нь шалгаагүй. Үндэслэлтэй байна гэж үзвэл цагдан хорих саналыг прокурорт шалгуулна. Мөнхжинтэй холбоотой асуудал дээр шүүхээс нотлох баримтыг үндэслэлтэй гэж үзээд цагдан хорьсон” хэмээв.

Цагдан хорихтой холбоотой асуудлаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Сэргэлэн “Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл үйлдсэн хэн ч бай тохирох хариуцлагаа заавал хүлээх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-д заасан дөрвөн үндэслэл бий. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахад ямар нэгэн хувь хүн, иргэний эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд явагдаж байгаа” гэлээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ