Түгжрэлийг 30 хувиар бууруулах “СЭЛБЭ СЭРГЭЛТ“ төслийг Засгийн газарт танилцуулахаар болжээ

Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал Засгийн газрын ч толгой өвтгөсөн асуудал болоод байна. Ямар сайндаа л Түгжрэлийн сайд гэх албан тушаалыг шинээр бүтэцдээ оруулж, зөвхөн түгжрэл рүү анхаарч ажиллаад өгөөч хэмээн Ж.Сүхбаатарыг томилсон байдаг. Өнгөрсөн хугацаанд түгжрэлийг бууруулахад дугаарын хязгаарлалт, замын урсгал, маршрутыг өөрчлөөд дорвитой өөрчлөлт гарахгүй гэдгийг бүгд харсан. 

Д.Сумьяабазарын баг өнгөрсөн гурван жилд түгжрэлийн эсрэг юу ч хийж амжсангүй. Харин нийтийн тээврийнхээ хуучин автобусаа бага багаар шинэчилнэ гэдгээ зарласан. 

Тэгвэл Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын асуудлыг системтэй, инженерийн зөв төлөвлөттэй шийдэх хоёр ч том төслийг боловсруулан гаргажээ. Үүний нэг нь "Сэлбэ сэргэлт" төсөл юм. Энэхүү төсөл нь богино хугацаанд хэрэгжих бүрэн боломжтой төдийгүй замын түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулах, гол дагуу инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлж, гэр хорооллын барилгажилтыг дэмжих, хотын эко системийг тэнцвэржүүлэх, голын урсцыг нэмэгдүүлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зэрэг маш олон ач холбогдолтой аж. 

Өнөөдрийн байдлаар шийдвэр гаргах түвшний яам, агентлаг, хотын удирдах албан тушаалтнууд "Сэлбэ сэргэлт" төслийн загвар, төлөвлөгөө, инженерийн гарц шийдлүүдтэй нь танилцаж, хэрэгжих бүрэн боломжтой, бодитой төсөл байна хэмээн саналуудаа илэрхийлжээ. 

"Сэлбэ сэргэлт" төсөл нь  Сэлбэ гол дагуу буюу Дамбадаржаагийн цэцэрлэгт хүрээлэнгээс Сонсголонгийн гүүр хүртэл  21,6 км буюу хоёр талдаа нийт 43,2 км ДАЛАН, авто замын сүлжээг байгуулах юм. 

Нийслэлийн иргэд бид Сэлбэ голыг үерийн хамгаалалтын далантай л гэж боддог. Гэтэл Сэлбэ голын хотын төвийн хэсгийн 9 км газарт далан, түшиц ханыг хийсэн. Харин үлдсэн 70 хувь нь ил задгай урсаж байгаа нь хөрсний бохирдолд өртөх, үерийн эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. 

Уг төслийн үр өгөөжийг үнэлэн БХБ-ын сайд Ц.Даваасүрэн дэмжиж, эрчим хүч, байгаль орчин, зам тээвэр, барилга хот байгуулалт гээд олон талын суурь асуудлыг шийдэх зайлшгүй хэрэгжих шаардлагатай төсөл, цаашид бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. 

Ямартай ч "мөрөөдлийн шоу" гэхээсээ илүү инженерийн тооцоололыг бүрэн хангасан "Сэлбэ сэргэлт" төслийг Хотын дарга Д.Сумьяабазар, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн нар удахгүй Засгийн газарт танилцуулахаар болжээ. 

Нийслэлчүүд бидэнд богино хугацаанд хотын олон асуудлаас ангижрах боломж байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ