Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Монгол Улсыг аж үйлдвэржүүлэхийг жадлан эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар

Хөгжлийн Банкны гурав дахь өдрийн сонсгол Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн /2023.02.08/ сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга оролцохоор иржээ. Улс даяар гэрч дуудаж, мэдүүлэх түүхэн сонсголд экс Ерөнхийлөгч ирж байгаа нь анхны тохиолдол болж буй юм. 

Тэрбээр өнөөдрийн сонсголын "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор" ТӨХК-ийн төсөл дээр байцаагдахаар орж ирсэн байна. Учир нь эл төслийг эхэлж байх үед Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж, гар бие оролцож явсан билээ.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга дараах зүйлийг ярилаа: “Энэ одоо яг юу нь болохгүй болчхоод байгаа юм. Би ерөөсөө ойлгохгүй байна. Монгол Улс газрын баялагаа боловсруулах ёстой гэж би ойлгодог. УИХ, Засгийн газрын тогтоолууд он цагийн дагуу гарчихсан. Үүнд оролцсон хүмүүс бүгдээрээ сууж байна. Энэ чинь бидний хувьд анхны юм шүү дээ.

Анх удаа бид боловсруулах үйлдвэр гэдэг зүйлийн тухай яриад сайдын хувьд гэгээлгээр ажлууд хийсэн. Би үүгээрээ бахархдаг. Цаашид ч хийнэ гэж бодож байгаа. Нэлээн ч ажлууд хийгдсэн. Нийт 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх ёстой. Монголын Засгийн газар 34 хувийг нь оруулахад 1.7 орчим тэрбум ам.доллар болох ёстой юм. Үлдсэн 66 хувийг нь хувийн болон гадаадын хөрөнгө оруулагч нарыг оруулж ирэх ёстой. Ерөнхийлөгч байх хугацаандаа энэ ажлуудыг хийгээд Тавантолгойгоос сайншанд хүртэлх 416км төмөр зам, авто зам, усны нөөцийн хайгуул, байгаль орчны шинжилгээ гэхчлэн янз бүрийн ажлуудыг нь амжуулсан. Одоо Монгол Улсын Засгийн газар энэ хөрөнгөө 2 тэрбум ам.доллароор үнэлж болж байна. Бодвол та нар гадаад, дотоодод сургууль соёл төгссөн боловсролтой хүмүүс байх.

Татан буулгаж байхын оронд Монгол Улсын Засгийн газар “2 тэрбум ам.доллараа 34 хувь гэж үнэлж байна, үлдсэн 66 хувь дээр нь гадна дотнын хөрөнгө оруулагч нарыг дуудаж байна” гэж зарлах ёстой шүү дээ.

Энэ ажлыг би хариуцаад явбал босгочихно. Үнэхээр харамсалтай нь бүтэн нэг жил АТГ, ЭЦА ороод бүгдийг нь шалгачихсан. Баахан хүн аваачиж хоёр жил шалгасан. Баахан хүн аваачиж шоронд хийсэн. 35 мянган га газарт байгаль орчны үнэлгээ хийнэ гэдэг тийм амар ажил биш шүү дээ.

Монголын Засгийн газар 2 тэрбум ам.доллар хийчихсэн. Юун татан буулгах тухай яриад байгаа юм бэ. Тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Ч.Хүрэлбаатар энэ асуудлуудыг оруулж ирж байсан. Сангийн сайд болчхоод татан буулгах тухай яриад л явж байна. Ч.Хүрэлбаатарыг толгойлж хийсэн л гэж бодож байна. Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх, газрын баялгийг боловсруулах асуудлыг жадлан эсэргүүцдэг хүн бол энэ Ч.Хүрэлбаатар. Ний нуугүй л хэлж байна.

"Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор" баригдах ёстой гэдэгт одоо хүртэл итгэлтэй байдаг. АТГ, ЭЦА бүтэн фургон материал хураасан. Төслийн талаарх бүх материалыг би Ерөнхийлөгч байхдаа УУХҮ-ийн сайд байсан Д.Сумъяабазарт аваачиж өгч байсан.

Уржигдархан /2023.02.06/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч ажиллах болно гэсэн байсан. Үүнийг хараад баярлаж байлаа.

Б.Энхбаяр аа, одоо яах уу. Та нарын намын мөрийн хөтөлбөрт баяжуулах, боловсруулах үйлдвэр барина гэсэн байна лээ шүү дээ. Ажилгүйдэл ядуурлыг массаар нь багасгадаг зүйл чинь аж үйлдвэр шүү. Би буруу зүйл гэж үнэхээр харахгүй байна. Дахин санал тавихад хийх боломжтой ажил гэж харж байна. 35 мяннган га газар шүү дээ. АТГ олон нийтэд зарлахдаа нэг тэгийг нь хасчихаж байгаа юм." хэмээлээ.  

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энэ төслийн асуудлыг яагаад ярьж байгаа гэдэгт тодотгол хийхэд Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төсөлд Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосон. Нийт 7.9 тэрбум төгрөгийн зарцуулалт дурдагдсан. Зарцуулалт нь яав гэдэг дээр тайлбар авч байгаа болно. Түүнээс биш энэ төсөл хэрэгтэй, хэрэггүй эсэхтэй дүгнэлт хийхгүй. "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Дөлгөөн нь таны зөвлөх байсан гэх мэдээлэл бий" гэлээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ