Турк улсад 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Туркийн өмнөд нутгийн 1 сая гаруй хүн амтай Газиантал хотын ойролцоо 7.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө гэж Европ-Газрын Дундад тэнгисийн газар хөдлөл судлалын төв мэдээллээ.
Тус төвөөс мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт хотоос 37 км-ийн зайд 10 км-ийн гүнд байсан байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараа зөвхөн Туркт л гэхэд 6-аас дээш магнитудын хүчтэй 22 чичирхийлэл бүртгэгджээ. Мөн Сиритэй залгаа хилийн бүсэд газар хөдөлсөн байна. Турк, Сирийн хэд хэдэн хотод олон арван байшин нурж, доод тал нь 20 хүн амиа алджээ.
Европ-Газрын Дундад тэнгисийн газар хөдлөл судлалын төвийн мэдээллээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар 04 цаг 17 минутад болжээ. Үүнээс 10 минутын дараа 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд голомт нь Туркийн өмнөд хэсэгт орших, 200 мянга гаруй хүн амтай Османие хотоос 37 км зайд 10 км-ийн гүнд бүртгэгдсэн байна.
Харин Туркийн Онцгой байдлын газраас мэдээлснээр, 04 цаг 17 минутад Кахраманмараш мужийн Пазаржик хотод 7 км-ийн гүнд 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлт Адана, Анкара, Анталия, Газиантеп, Кайсери, Мерсин, Трабзон, Урфа зэрэг хэд хэдэн бүс нутагт мэдрэгджээ.
Байгалийн гамшгийн улмаас
- Османие мужид доод тал нь 5 хүн амиа алдаж, 34 байшин нурсан
- Шанлыурфа мужид 16 байшин нурж, 12 хүн амиа алдсан
- Диярбакыр мужид найман давхар байшин нурсан
- Адана хотод 17 давхар байшин нурсан
- Малатья мужид 130 байшин нурж, гурван хүний цогцсыг гаргаж, 100 гаруй хүн гэмтэж бэртээд байна гэж Туркийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ