Г.Гангамөрөн: Сар шинийн баярын хэрэгцээгээ дотоодоосоо хангаснаар МӨНГӨН урсгалыг эх орондоо үлдээнэ
Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа “Шинэ 100 айл” төвд зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Энэ төв Баянзүрх дүүрэгт, Дүнжингарав худалдааны төвөөс зүүн тийш байрлалтай.
Хотын дарга Д.Сумъяабазарын санаачилгаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын зохион байгуулж буй худалдаа ирэх сарын 20-н хүртэл үргэлжлэх юм.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн:
-“Амар байна уу 2023” үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн стандартад хяналт тавих, хэв журмыг сахиулах зэргээр нийслэлийн харьяа 10 гаруй байгууллага хамтран ажиллаж байна.
Эдийн засаг хүнд, валютын ханш өссөн энэ үед үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид маань түрээсийн төлбөр огт төлөлгүй, 30 хоногийн турш бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж, худалдана. Улсын хэмжээнд 920 мянган өрх, нийслэлд 418 мянган өрх бий. Эдгээр өрх баярын хэрэгцээгээ дотоодоосоо хангаснаар мөнгөн урсгалыг эх орондоо үлдээж, ажлын байрыг хадгалах, эдийн засгаа эрчимжүүлэхэд нэмэр болно.
Нөгөө талаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамтын ажиллагаагаа тэлэх, үндэсний хэмжээний томоохон компани, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, түүхий эд нийлүүлэх, хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлэхийг зорилоо. Түүнчлэн бизнес эрхлэхэд тулгардаг бэрхшээлийг давах, эдэлж болох хөнгөлөлт, гарц шийдлүүдийн талаарх мэдээллийг нэг цэгээс хүргэж байна. Үйлдвэрлэл эрхлэгчдээс бид бараа, бүтээгдэхүүнийхээ нөөцийг базаах, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах, үнийг хамгийн доод хэмжээнд барихыг хүссэн гэв.
Үзэсгэлэн худалдаанд анх удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнээ түрээсийн төлбөргүйгээр худалдаалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ