2023 оны загварын чиг хандлага
Загварын ертөнцөд хурдацтай шинэчлэлт хийгдэж байгаа энэ цаг үед шинэ тренд бүрийг хоцролгүй дагана гэдэг амаргүй сорилт юм. Шинэ он дөхөх тусам брендүүд 2023 оны цуглуулгаа гаргаж, бид ч ирэх онд зонхилох загварын чиг хандлагыг сонирхож байгаа нь гарцаагүй. Ингээд 2023 онд таны хувцасны шүүгээндээ нэмэхийг хүсэж байгаа загварын трендийг хамтдаа харцгаая.
Савхин материалтай хувцас зонхилно
2023 оны загварын чиг хандлагад “савхи” албан ёсоор нэгдэн орлоо. 2022 оны Нью-Йоркийн загварын долоо хоногт савхин хүрэм, мини болон макси савхин банзал голчилж байсан. Харин 2023 онд өнгөлөг мини савхин юбка, савхин шорт, тэр ч байтугай савхин материалтай богино топ-ууд ч зонхилох төлөвтэй байна. Савхин хувцаснууд нь ихэвчлэн намар/өвлийн цуглуулгад багтдаг байсан бол энэ жил бүх улиралд өмсөгдөх боломжтой болжээ. Тиймээс энэ жил ямар нэгэн савхин хувцсыг хувцасны шүүгээндээ нэмээрэй. Эсвэл толгойноосоо хөл хүртлээ савхин хувцсыг хослуулж болох юм. Ким Кардашиан, Жулиа Фокс, Рианна, Хэйли Бибер зэрэг алдартнууд бүгд аль хэдийнээ энэ төрхийг бүрдүүлээд амжсан. Энэ жилийн трендийн салшгүй нэг хэсэг нь яахын аргагүй савхи байх нь ээ!
Хувцас загварын ертөнцөд “Балерина” эргэн ирлээ
Үнэнийг хэлэхэд, балерина нь загварын ертөнцөд урт хугацаанд тренд болж байсан удаагүй. Энэхүү гоёмсог, охидын загвартай гутал анх 1950-иад оны үед маш их алдартай байсан бөгөөд 2000-аад онд тренд болж байв. Харин одоо “Франц охин” дүр төрх дахин сэргэж, загварын ертөнцөд эргэн ирлээ. Трендэд эргэн ирсэн загварлаг балеринуудыг та доорх холбоосоор орж үзээрэй!
Үслэг хүрэмнүүд 2023 оны хувцас загварт нэмэгдэнэ
Үслэг хүрэмнүүд дахин тренд болж байгаа нь кино драм, алтан үеийн Холливудын дур булаам дүрүүд эргэн ирж буйн илрэл юм. Тод өнгөтэй үслэг хүрэм эсвэл хиймэл үсэн захтай цувыг сонгож, сонгодог дүр төрхийг бүрдүүлээрэй.
Орчин үеийн залуус жинхэнэ үслэг эдлэлээс татгалзаж, хиймэл үсэн эдлэлийг илүүд үздэг болсон тухай Vogue сэтгүүл онцолжээ. Үүнийг дагаад үйлдвэрлэгчид ч жинхэнэ үс мэт харагдах хиймэл үслэг эдлэлийг үйлдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллах болсон.
90-ээд оны урт түрийтэй гутлууд эрэлттэй байх болно
Аливаа загварын чиг хандлага нь хэдэн арван жил тутамд солигдож, эргэн гарч ирдэг мөчлөгтэй байдгийг хувцас загварт дурлагч хэн бүхэн мэдэх биз ээ. Тэгвэл 90-ээд оны хуучин загвар 2023 оны гутлын чиг хандлагад эргэн орж ирэх бололтой
Jimmy Choo, Ganni, Ted Baker гээд бүх л томоохон брендүүд өөрсдийн гэсэн сонгодог загваруудыг гаргаж байгааг Glamour онцолжээ.
2023 онд зонхилох загварлаг урт түрийт гутлуудыг та доорх холбоосоор орж үзээрэй!
Clog загварын углаашууд хаа сайгүй өмсөгдөнө
Урт хугацааны туршид Clog загварын углаашууд нь хувцас загварын томоохон алдаанд тооцогддог байсан. Гэвч энэ төрлийн гутлууд нь “Энэ жилийн загварыг тодорхойлогч” болсныг BBC онцолжээ. Энэ загвар 1200-аад оны үед үүссэн хэдий ч өнөөг хүртэл хоцрогдоогүй байгаа нь магадгүй хөлд тав тухтай, цэвэрхэн бөгөөд энгийн хийцтэй нь холбоотой байж болох юм.
Нэвт гэрэлтсэн торон загварууд
2023 оны бас нэг голлох тренд бол биеийг нэвт харагдуулах торон материал бүхий загварууд юм. Энэ тренд нь Fendi-ийн 2022 оны намар/өвлийн цуглуулгаас эхлэлтэй бөгөөд энэ жил торон материалтай цамц, даашинзнууд маш эрэлттэй байх болно.
Жинсэн өмднүүд урьд өмнөхөөсөө илүү хэлхгэр болно
Хэдэн жилийн өмнөөс нарийн жинс трендээс хоцрогдсон гэдгийг та санаж байна уу? Тэгвэл сүүлийн үеийн чиг хандлагыг дагахыг хичээж буй хэн бүхэнд нарийн жинс өмсөх боломж олдохгүй л болов уу. Ерөнхийдөө энэ жилийн дүрэм бол хэлхгэр, чөлөөтэй байх тусмаа сайн. Сул загвартай жинсэн өмд энэ жил бараг бүх брендийн цуглуулгад нэмэгдэж байгааг Vogue онцолжээ. Аз болоход ийм загварын жинсэн өмд биед илүү тав тухтай байдгаараа давуу талтай.
Гялалзуур чимэглэлүүд трендийн нэг хэсэг
Том Форд, Ненси Дожака, Ареа, Майкл Корс-ын дизайнерууд бүгд гялалзсан материалтай чимэглэлүүдийг шинэ цуглуулгадаа багтаажээ. Энэ жил бүх зүйл гялалзсан өнгө аястай байгаа тул дээд зэргээр нүдэнд тусах дүр төрхийг сонгоорой.
Хэдэн жилийн турш хөл хорионд орж, нийгмээс тусгаарлагдсаны дараа бид бага зэрэг хөгжилдөхөд бэлэн байгаа нь тодорхой. Эцэст нь гялалзуур чимэглэлүүд нь бидний хувцасны шүүгээнд өнгө нэмэх чухал хэсэг юм.
Нил ягаан өнгө зонхилно
Хувцасны шүүгээндээ ямар шинэ өнгө нэмэхээ шийдэх гэж байна уу? Тэгвэл нил ягаан нь дараагийн шинэ өнгө байна гэдэгт эргэлзэх хэрэггүй! Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр энэ өнгө маш түгээмэл байсан төдийгүй PatBO, Coach, Caroline Herrara, Tory Burch, Prabal Gurung зэрэг загвар зохион бүтээгчид бүгд нил ягаан өнгийг цуглуулгадаа түлхүү ашиглажээ. Нил ягаан өнгө маш их алдартай болсон тул загварын ертөнцөд ягаан өнгөний байр суурийг эзэлнэ гэж Vogue дээр дурдсан байна.
Блэйзерүүд илүү сул загвартай болно
Энэ жил гадуур хувцасны хувьд загварууд илүү сул чөлөөтэй, өргөн мөртэй, дөрвөлжин хэлбэртэй болж байна. Ким Кардашиан, Изабелла Хупперт зэрэг одууд энэ чиг хандлагыг хэдийнээ дагаж мөрдөж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд сул загвартай хүрэмнүүд алдартай байсан тул моодноос гарахаас нь өмнө энэ трендийг туршиж үзэх сүүлчийн боломж ч байж магадгүй юм.
Цацаг, унжлагууд загварт эргэн ирлээ
Нью-Йоркийн загварын долоо хоног дээрх Proenza Schouler, Chloe, Jonathan Simkhai, Gabriela Hearst зэрэг загвар зохион бүтээгчдийн цуглуулгад цацаг, унжлага бүхий оруулгууд олноор үзэгджээ. Эдгээр деталиуд нь 1920 болон 1960-аад онд нэлээд хүчээ авч байсан юм. Энэ жил та даашинз, цамц болон хүрэмний эмжээр, ханцуйнаас, өмд, тэр ч байтугай цүнхний бариулаас хүртэл унжсан цацгуудыг олж харах болно. Энэ нь таны хувцаслалтын хэв маягаас үл хамааран дүр төрхдөө өнгө нэмэх төгс арга юм.
Чөлөөт загварын өмднүүд эрэлттэй байна
Гоёмсог, бариу өмд өмсдөг байсан цаг ард хоцорч, халаас ихтэй, чөлөөт загварын өмдний эрин үе иржээ. Энэ төрлийн өмд сүүлийн үед алдартай болж, өдөр тутамд төдийгүй загварын тайзнаа ч ихээр өмсөгдөх болсон байна. Мэдээжийн хэрэг, ихэнх хүмүүсийн хувьд энэ загварын өмд хувцаслалтын хэв маягтай нь нийцдэггүй ч, үүнийг ухаалгаар шийдэх аргууд бий.
Өднүүд илүү томорно
2023 оны өөр нэг дур булаам чиг хандлага нь хөвсгөр өд юм. Өд нь Мари Антуанеттагийн эрин үеэс эхлэн загварт байр сууриа хадгалсаар иржээ. Энэ жил бид банзал, ханцуйнаас авхуулаад гутал, цүнх гээд бүх зүйлд өдийг харж болно. Мэдээжийн хэрэг, өдөн ээмэг ч эргэн ирж байна. Сириано, Молли Годдард зэрэг олон дизайнерууд хамгийн сүүлийн үеийн цуглуулгууддаа өдийг ашиглажээ.
Өд бол хувцаслалтын хэв маягт дур булаам байдлыг оруулах хамгийн хялбар аргуудын нэг юм. Дүр төрхийг хэт дөвийлгөхөөс сэргийлэн өдний хэсгийг энгийн, даруухан хийцтэй хувцаснуудтай хослуулаарай. Биеийнхээ анхаарал татахыг хүссэн хэсэгтээ өдөө байрлуулахаа мартуузай.
Оломтой балерина буюу “Mary Janes”
Сурагч охидын гутал буюу “Mary Janes” 1950-иад онд сурагч охидын өмсдөг байсан Мэри Жэйнс гэх нэрээрээ алдартай энэ загвар 2023 оны хувцас загварын трендэд эргэн ирлээ. Нью-Йоркийн загварын долоо хоногийн загварын тайзан дээр олон загвар өмсөгчид Мэри Жэйнстэй харагдав. Мөн дэлгүүрүүдэд ч эдгээр загварууд маш эрэлттэй байна. Гэхдээ Мэри Жэйнс"сонгодог" хэв маягаа хадгалж үлдэлгүй олон жилийн туршид хувьсан өөрчлөгджээ. Платформ ултай Мэри Жэйнс, өсгийтэй Мэри Жэйнс, тэр ч байтугай олон оломтой Мэри Жэйнс ч хүртэл худалдаанд гараад байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд олон алдартнууд өөр өөрсдийн гэсэн дүр төрхийг илэрхийлсэн Мэри Жейнсийг өмсөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ