Азийн хөгжлийн банк Монголд 100 сая долларын зээл олгоно
Азийн хөгжлийн банк (АХБ)-наас эдийн засгийн хүнд цочролын сөрөг нөлөөллийг зөөлрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын яаралтай тусламжийн зээл олгох шийдвэр гаргасан байна.
Тус банкнаас өчигдөр (2022.08.25) гаргасан мэдээлэлд “ОХУ-Украины хямралт нөхцөлт байдал болон Covid-19 цар тахлаас үүдэлтэй БНХАУ-аас хэрэгжүүлж буй хилийн хорио цээрийн дэглэм нь Монгол Улсын эдийн засаг, төсөвт хүндрэл учруулж байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар хүн амын ядуу, эмзэг бүлгийг дэмжих, инфляцийн дарамтыг бууруулах, мөн макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Мөчлөг сөрсөн хөгжлийн зарцуулалтын хөтөлбөр (МСХЗХ) боловсруулсан.
“АХБ-ны энэхүү зээл нь эдийн засгийг тогтворжуулах Засгийн газрын арга хэмжээг дэмжих болно” гэж АХБ-ны Зүүн Азийн газрын Санхүүгийн салбарын мэргэжилтэн ноён Петер Розенкранз онцлоод, “Энэхүү Мөчлөг Сөрсөн Дэмжлэгийн Хөтөлбөр (МСДХ)-ийн зээлээр олгох төсвийн дэмжлэг нь дунд хугацаанд эдийн засгийн бүтцийн нэн шаардлагатай шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсвийн орон зайг бий болгоход эергээр нөлөөлнө” хэмээн дурдав.
Монгол Улсын урсгал тэнцлийн алдагдал өсч, гадаад валютын нөөц дэх дарамт, гадаад санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдэж байна. Түүнчлэн хүнс, шатахууны үнийн өсөлт нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, ядуурлыг нэмэгдүүлж байгаа бөгөөд 2022 оны 6 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляци 16.1% болж өссөний дотор хүнс, шатахууны үнэ огцом нэмэгдлээ.
Улаанбаатар хотын дөрвөн хүн тутмын нэг нь ядуурлын шугамаас доогуур амьдардаг бөгөөд өндөр инфляци, өсөн нэмэгдэж буй амьжиргааны зардал нь тэдгээр ядуу, бага орлоготой өрхүүдэд асар хүнд тусч байна. Эдгээр өрхүүд нь нийт орлогынхоо 43 хувийг хоол хүнсэндээ зарцуулдаг бол ядуурлын шугамаас дээш өрхүүд орлогынхоо 32 хувийг зарцуулдаг байна.
Гадаад цочрол нь хүн амын ядуу, эмзэг бүлгүүд, тэр дундаа эмэгтэйчүүд, охидод илүү сөрөг нөлөө үзүүлдэг юм. Цар тахлын үеэрх хөл хорионд хамгийн ихээр өртсөн үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдаа зэрэг цалин хөлс харьцангуй багатай салбарт эмэгтэйчүүд гол төлөв ажилладаг. Иймд энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын нийт өрхийн 64 хувьд хамаарах 1.2 сая хүүхдэд шууд мөнгөн дэмжлэг болж хүрэх юм.
“АХБ-ны энэхүү санхүүжилт нь хүн амын ядуу, эмзэг бүлгийн иргэдэд гадаад цочролоос үүдэлтэй хүндрэлийг даван туулахад туслах болно” гэж АХБ-ны Зүүн Азийн газрын Төрийн удирдлага, санхүүгийн салбар, бүс нутгийн хамтын ажиллагаа хариуцсан захирал хатагтай Эмма Фан хэлээд, “МСДХ-ийн хүрээнд үзүүлэх яаралтай тусламж нь 2022 оныг дуустал тус улсын Мөчлөг Сөрсөн Хөгжлийн Зарцуулалтын Хөтөлбөрийн дагуу эмзэг бүлгийн өрхүүдэд үзүүлэх нийгмийн хамгааллын дэмжлэгийг өргөжүүлэх болно” гэж онцлов.
Тус хөтөлбөр нь 2022 оны үлдсэн хугацаанд бага цалинтай ажиллагсдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох, цалингийн доод шатлалд хамаардаг төрийн үйлчилгээний албан хаагчдын (түүний дөрөвний гурав нь эмэгтэйчүүд) цалинг 8.5 хувиар нэмэгдүүлэх зэрэг төрөөс хэрэгжүүлж буй бусад арга хэмжээг мөн дэмжих юм. Мөн амьжиргааны түвшин доогуур байршлуудад амьдарч буй 16 мянга орчим бага насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг болно” гэжээ.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ