Хунтайж Мисузулу Синкобиле Зулу Зулусын хаан ширээнд заларлаа

   ӨАБНУ-ын хунтайж Мисузулу Синкобил Зулугийн хаан ширээнд залрах ёслолын арга хэмжээг зохион байгуулжээ. Тэрээр тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Нонгоме хотын Эниокени хааны ордны нутаг дэвсгэр дэх Зулугийн хаадын ариун дагшин малын хашаа (краал)-нд орох ёслолыг үйлдсэн аж. Уламжлал ёсоор бол яг энэ мөчид ирээдүйн хаан, өвөг дээдэстэйгээ холбогдож, тэднээс адислал, ариун хүчийг хүлээн авдаг. Краалд зочилсны дараа өргөмжлөгдөгч албан ёсоор Зулусын хаан болно.               
          Зулусын хааны сэнтий 2021 оны гуравдугаар сард Гудвилл Звелитиниг коронавирусээр таалал төгссөнөөс хойш чөлөөтэй байгаа юм. Хааны гэр бүл хаан сэнтийд хэн залрах талаар зөвшилцөлд хүрээгүй агаад ӨАБНУ-ын шүүхэд болсон удаан маргааны дараа хааны гэр бүлийн гишүүдийн ихэнх нь Звелитинигийн гурав дахь хатны хүү, 48 настай хунтайж Мисузулуг шинэ хаанд өргөмжлөхийг зөвшөөрсөн аж.             
        Гудвилл Звелитини нь хаан ширээнд бараг 50 жил суусан төдийгүй зургаан эхнэр, 26 хүүхэдтэй байв. Зулусын хаан ширээ нь ӨАБНУ-ын уламжлалт удирдагчдын дунд хамгийн нэр хүндтэйд тооцогддог. 11 сая хүн амтай Зулус нь тус улсын хамгийн олон хүнтэй нь ба хаан нь улс төрийн эрх мэдэлгүй ч ард түмнийхээ ёс суртахууны эрх мэдэл, бэлгэдэл юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ