‘iPhone 14’ зургаан өнгийн сонголттой, илүү өндөр үнэтэй байна
Технологийн салбарын тэргүүлэгч “Apple” компани ирэх есдүгээр сарын 7-ны өдөр “iPhone 14” ухаалаг гар утсыг зах зээлд танилцуулахаар төлөвлөсөн. Улмаар есдүгээр сарын 9-ний өдөр урьдчилсан захиалга авч эхлэх бөгөөд, есдүгээр сарын 16-наас шинэ төхөөрөмжийг худалдаалах юм байна.
“Apple” шинэ гар утсаа есдүгээр сарын дундуур танилцуулж, сарын сүүлээр худалдаанд гаргадаг уламжлалай. Тэгвэл “Bloomberg”-ийн мэдээлснээр компани дөрөвдүгээр улирлын борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү шинэ “iPhone 14”-ийг эрт танилцуулж байгаа аж.
Мөн энэ үеэр бат бөх титан гадаргуу, илүү том дэлгэц, хүчирхэг чип, биеийн температур хэмжигч бүхий “Apple Watch Series 8” ухаалаг бугайн цаг болон “AirPods Pro” утасгүй чихэвчийг танилцуулах юм.
Компани зах зээлд албан ёсоор танилцуулах хүртэл шинэ “iPhone”-ий харагдах байдал, технологийн үзүүлэлтүүдийн талаарх мэдээллийг нууцалдаг.
Тэгвэл технологийн шинжээчид болон эх сурвалжуудын мэдээлж байгаагаар “Apple” энэ удаа “iPhone 14”-ийн “mini” загварыг худалдаанд гаргахгүй аж. Учир нь, өмнөх “iPhone 12” болон “iPhone 13” загварын “mini” хувилбарын борлуулалт маш муу байсан юм. Харин “Apple” шинээр “iPhone 14”-ийн дөрвөн өөр хувилбарыг танилцуулах өндөр магадлалтай байна. Үүнд:
iPhone 14 - 6.1 инчийн дэлгэц, “A15 Bionic” чип, 512 гигабайт хүртэлх санах ой, 12 мегапикселийн өргөн болон хэт өргөн өнцгийн үндсэн камер, “green, purple, blue, black, white, red” гэх зургаан өнгийн сонголттой,
iPhone 14 Max - 6.7 инчийн дэглэц, “A15 Bionic” чип, 512 гигабайт хүртэлх санах ой, 12 мегапикселийн өргөн болон хэт өргөн өнцгийн үндсэн камер, “green, purple, blue, black, white, red” гэх зургаан өнгийн сонголттой,
iPhone 14 Pro - 6.1 инчийн дэлгэц, “A16 Bionic” чип, 1 терабайт хүртэлх санах ой, 48 мегапикселийн үндсэн камер, 12 мегапикселийн хэт өргөн болон телефото нийт гурван камер, “purple, green, silver, graphite” гэх дөрвөн өнгийн сонголттой,
iPhone 14 Pro Max - 6.7 инчийн дэглэц, “A16 Bionic” чип, 1 терабайт хүртэлх санах ой, 48 мегапикселийн үндсэн камер, 12 мегапикселийн хэт өргөн болон телефото нийт гурван камер, “purple, green, silver, graphite” гэх дөрвөн өнгийн сонголттой байх бололтой.
Хамгийн гол нь, “iPhone 14” ухаалаг гар утас нь технологийн олон шинэ дэвшлүүдийг агуулсан тул үнийн хувьд өмнөх загваруудаас дор хаяж 100 ам.доллараар илүү үнэтэй худалдаанд гарах магадлалтай болохыг онцолжээ. Ялангуяа, “iPhone 14 Pro” болон “iPhone 14 Pro Max” загварууд нь “8К” дүрс бичлэг хийх чадамж бүхий 48 мегапикселийн камер, шинэ линз, илүү сайжруулсан батерей, дараагийн үеийн чипээр тоноглогдсоны дээр дэлхийн зах зээл дээрх түүхий эд, тоног төхөөрөмжийн үнэ өссөн тул өмнөх загваруудаас илүү үнэтэй байх нь гарцаагүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ