Европын Төв банк сүүлийн 11 жилд анх удаа бодлогын хүүгээ нэмлээ
БРЮССЕЛЬ. /BBC/. Европын Төв банк /ЕТБ/ еврогийн бүсийн инфляцын өсөлтийг хязгаарлахын тулд сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаа бодлогын хүүгээ нэмэгдүүллээ. Хүүг 0.5 нэгж хувиар өсгөж, 0.0 хувь болгосон байна. Түүнчлэн энэ онд цаашид нэмэгдүүлж магадгүй гэдгийг тус банкнаас мэдэгджээ.
2014 оноос хойш еврогийн бүсийн бодлогын хүү хасах байсан байна. Энэ нь хэдэн жилийн сул өсөлтийн дараа еврогийн бүсийн эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор хийгджээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн оны зургаадугаар сарын эхнээс хойш 12 сарын хугацаанд хүнсний бүтээгдэхүүн, шатахуун, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ эрс өссөний улмаас өргөн хэрэглээний барааны үнэ 8.6 хувиар өсөж, дээд үзүүлэлтэд хүрчээ.
Английн Банк болон АНУ-ын Холбооны нөөцийн сан мөн л үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор бодлогын хүүгээ нэмсний дараа EТБ бодлогын хүүгээ нэмэгдүүлж байна. Украины дайн, “Covid-19” цар тахалтай холбоотой асуудлууд дэлхий даяар өдөр тутмын зардлыг нэмэгдүүлэхэд хүргэсэн.
Еврогийн бүс бол Оросын газрын тос, байгалийн хийнээс ихээхэн хамааралтай хэвээр байгаа учраас эмзэг бүс юм. Москва энэ жил хийн нийлүүлэлтээ бүрэн зогсоох вий гэсэн болгоомжлолтой холбоотойгоор ОХУ-аас нийлүүлж буй эрчим хүчний эх үүсвэрийг хэмжээтэй олгох тухай яриа энэ долоо хоногт гарсан бол харин энэ нь цаашид үнэ өсөхөд хүргэнэ.
ЕТБ-ны дарга Кристин Лагард бодлогын хүүг өсгөх шийдвэрээ тайлбарлахдаа, “Еврогийн бүсийн эдийн засгийн идэвхжил удааширч байна. Украины эсрэг ОХУ-ын үндэслэлгүй түрэмгийлэл нь өсөлтийг байнга сааруулж байна. Эрчим хүчний эх үүсвэр, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, мөн үнийн бодлогод эрчим хүчний эх үүсвэрийн гүйцэтгэх үүрэг зэргээс шалтгаалан инфляц тодорхой хугацаанд бидний хүсээгүй өндөр түвшинд хэвээр байх төлөвтэй байна” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ