Хэт халууны улмаас хоёрхон өдрийн дотор 43 хүн нас барав
"Испанид хэт халууны улмаас хоёр хоногт 43 хүн нас барлаа" гэж Telecinco телевиз баасан гарагт мэдээллээ. "Долдугаар сарын 10, 11-нд агаарын хэт өндөр температурын улмаас 43 хүн амиа алдсан" гэж тус улсын ЭМЯ-ны харьяа гуравдугаар Карлосын Эрүүл мэндийн хүрээлэнгийн мэдээллээс уг телевиз эш татжээ. Antena 3 телевизийн мэдээлснээр амиа алдагсдын ихэнх нь 75-аас дээш насныхан аж. Испанид хэт халууны улмаас зургадугаар сард 829 хүн нас барсан бол долдугаар сард одоогоор 111 хүн хорвоог орхиод байна.
Урин дулааны улмаас Испанийн Цаг уур, орчны шинжилгээний газраас ихэнх бүс нутагт цаг агаарын аюулын түвшинг шар (аюултай) болон улбар шар (их аюултай) болгон нэмэгдүүлэв. Түүнчлэн хэд хэдэн мужид аюулын харанга дэлдэж, агаарын температур бараг 45 хэм хүрч халах төлөвтэй байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ