Чөлөөт бөхийн дэлхийн аваргын гурван хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор: Дэлхийн аваргын хоёр дахь хүрэл медалиа авчихаад гавьяат тамирчин цол өгөх болов уу гэж нэлээн горьдсон
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа. Танд болон танай сайтын хамт олонд бас уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.
-Ингэхэд та яагаад чөлөөт бөхөөр хичээллэх болов? Хэдэн жил барилдаж байна вэ?
-Би анх волейболын спортоор хичээллэсэн юм. Нэг өдөр аав маань миний оролцож байгаа тэмцээнийг үзэж л дээ. Тэгээд намхан нуруутай охиныхоо сэлгээнээс тоглохыг харсан аавд жаахан эвгүй санагдсан шиг байгаа юм. Тэмцээний дараа надад "Бөхийн спорт руу орвол ямар вэ?" гэсэн санал тавьсан. Ингэж л би 2010 онд бөх рүү орсон доо. Чөлөөтөөр барилдаж эхлэхээсээ өмнө жүдогоор 7-8 сар хичээллээд, бас ч үгүй залуучуудын улсын аваргаас хүрэл медаль авчихсан байлаа.
Анхны багш тань...
-Хан-Уул дүүргийн Энхтөр багшаар чөлөөт бөхийнхөө суурийг тавиулсан. Харин одоо ОУХМ Пүрэвсүрэнгийн Сумьяа багшийнхаа удирдлага доор бэлтгэл сургуулиа хийж байна.
-Тэгвэл анх ямар тэмцээнд зодоглож, ямар амжилт гаргав?
-2010 онд ҮБТДС дээр болсон оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан. Хойтон нь 2011 онд "Mongolian open" олон улсын тэмцээнээс бас хүрэл медаль аваад л амжилт гаргаж эхэлсэн дээ. Би чинь өсвөр үе, залуучуудад барилдалгүйгээр шууд насанд хүрэгчид рүү орчихсон юм.
-Та гурван дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дараалж медаль хүртсэн хоёрхон монгол бөхийн нэг...
-Тийм байна билээ. Би энийгээ ерөөсөө мэддэггүй байсан шүү дээ (инээв). Олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Ойдов гуайн амжилтыг 44 жилийн дараа давтсан гэсэн. Үнэнийг хэлэхэд сайхан санагдсанаа нуухгүй ээ. Ойдов гуайг мундаг бөх гэж Монгол байтугай дэлхий мэднэ. Энэ мундаг хүний дараа энэ амжилтыг гаргасандаа туйлын их баяртай байна аа, би. Манай чөлөөтөд олимп, дэлхийн аваргын медальтнууд, гавьяатууд олон гурван дэлхийн аварга дараалан медаль хүртсэн хоёрхон хүн байдаг юм билээ.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэд оролцож, ямар ямар амжилт гаргав?
-Анх Америкийн Лас-Вегас хотод 2015 онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэрнээс хойш 2016-2019, 2021 онд нийт зургаан дэлхийн аваргад зодогложээ. 2020 онд коронавирусийн улмаас дэлхийн аварга өнжсөн. Эхний тэмцээн болох "Лас-Вегас-2015"-д хоёрдугаар тойрогт ялагдаад, тэмцээнээ өндөрлүүлсэн. 2016 оныход шөвгийн наймд үлдээд ялагдаж, медальгүй хоцорсон. 2017 онд Парисын дэлхийн аваргад шагналт тавдугаар байрт орсон. 2018, 2019, 2021 онд хүрэл медаль хүртсэн. Дөрвөн дэлхийн аварга дараалж финалдаад гурван хүрэл, нэг шагналт тавдугаар байрын амжилттай.
-Дэлхийн аваргын гурван хүрлийнхээ өнгийг өөрчлөх боломж байсан уу?
-2018 оны дэлхийн аваргаас хүрэл авахдаа маш их баярласан бол хойтон нь Нурсултаны дэлхийн аваргад медалийнхаа өнгийг өөрчлөх гэж очсон. Бэлтгэл сургууль ч сайн. Ингээд зооны аваргын төлөө 2016 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Канадын Мораистай барилдаж ялагдсан. Уг нь би өмнө нь хоёр ялж байсан юм. Урьд нь барилдаж байсан болохоор сандарч тэвдсэн зүйл байгаагүй. Их ойрхон үзээд би 1:3-аар ялагдсан. 2021 оны Ослогийн дэлхийн аваргад ч медалийнхаа өнгийг өөрчлөх боломж байсан. Зооны аваргын өмнөх барилдаанд би Японы Ханайд ялагдаад, маргааш нь дагах дээр Казахстаны бөхийг ялж, хүрлийн төлөө барилдах болзлоо хангалаа. Тэгээд Америкийг хожоод, дэлхийн аваргын гурав дахь хүрлээ зүүсэн дээ.
Ер нь дэлхийн дэвжээ бол дэлхийн л дэвжээ шүү дээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг олон улсын тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй харьцуулшгүй. Дэлхийн аваргад улс болгоны шилдгүүд очдог.
Тиймээс барилдаан болгон хүнд болдог. Би цаг дуустал үзэж байгаад л энэ гурван медалиа хүртсэн.
-Жингийнхээ гол гол өрсөлдөгчдийг нэрлээч...
-Хамгийн мундаг нь олимпын хошой, дэлхийн гурван удаагийн аварга, Японы Рисако Кавай. Манай жинд барилдаж байгаад олимптой жил дээшээ юм уу доошоо орчихдог юм. Би энэ бөхтэй Азийн аваргад хоёр, дэлхийн аваргад нэг, нийт гурван удаа барилдсан. Ер нь ганц Япон гэлтгүй бүх орны бөхчүүд мундаг өрсөлдөгчид л дөө. -Медалийн цуглуулгад тань тивийн гурван мөнгө, нэг хүрэл медаль бас бий... Би чөлөөт бөхөөр хичээллээд 12 жил болж байна. Азийн аваргад таван удаа оролцохдоо гурван мөнгө, нэг хүрэл медаль авч, нэг удаа шагналт тавдугаар байрт орсон амжилттай.
-Жингийнхээ шилдгүүдээс ялж үзээгүй бөх бий юу?
-Байгаа. Одоогоор дээр дурдсан Японы Кавайг ялж үзээгүй. Энэ бөхтэй гурав барилдаж, гурвууланд нь ялагдсан. Харин бусадтай нь өгөө, аваатай л.
-Бөх сонирхогчид дэлхийн аваргын гурван медальтай бөхөд яагаад гавьяат тамирчин цол олгодоггүйг их сонирхдог юм билээ. Энэ талаарх өөрийн чинь бодол...
-2018 онд анх дэлхийн аваргын хүрэл медаль авч, шилдгүүдийн эгнээнд орохдоо Монголд очоод гавьяат тамирчин цол авчих байх гэж их горьдсон. Тэр жил Насанбурмаа гавьяат мөнгө, ОУХМ Түвшинтулга, бид хоёр хүрэл медаль авсан юм. Түвшинтулга, бид хоёр "Гавьяат тамирчин болчих болов уу" гэж нэлээн харсан ч өгөөгүй. "Нурсултан-2019" дэлхийн аваргаас дахин хүрэл медаль авч, хошой медальтан болчихоод бас л гавьяат авчих болов уу хэмээн нэлээн горьдсон ч талаар өнгөрсөн. Ноднин "Осло-2021"-ээс дэлхийн аваргын гурав дахь хүрлээ авахад ч таг чиг. Одоо харин би хэзээ гавьяат тамирчин болохоо сайн мэдэхгүй байна аа. Уг нь энэ цолыг авахыг маш их хүсдэг. Болоогүй юм байлгүй дээ, тэрийг хэлж сайн мэдэхгүй байна.
-Таны дархан мэх...
-Би хөлд сайн ордог. Дан, давхар, тойрч хөл авах мэхийг сайн хийдэг. Ер нь барилдаануудынхаа бичлэгийг эргээд үзэхэд голдуу хөлд орж хожсон байдаг юм.
-Таныхаар дархан мэх гэж ямар мэхийг хэлэх вэ?
-Минийхээр бодлоор бэлтгэл дээр давтаж байсан мэхээ тэмцээн дээр өөрийн эрхгүй хийхийг л дархан мэх гэх болов уу. Би бэлтгэл дээр байнга хөлд ордог. Бас барьцтай барилддаг. Тэгээд тэрийгээ давтаад л тэмцээн дээр яалт ч үгүй барьцнаас барилдах юм уу хөлд орчихдог.
-Нэг мэхийг хэд давтаж байж өөрийн болгодог вэ?
-Би чөлөөт бөхөөр хичээллээд 12 жил болж байна. Анх сурсан мэхүүдээ одоо ч хийдэг. Багш маань ч байнга мэх давтуулдаг л даа. Бэлтгэлийн 70 хувьд нь мэх давтаад, үлдсэн 30 хувьд нь техник, тактик давтдаг.
-Хамгийн үнэ цэнэтэй медаль чинь гэвэл...
-Ер нь бүх медальд маань л миний хөлс, хүч, хөдөлмөр шингэсэн байдаг. Тэднээс хамгийн үнэтэй нь гэвэл дэлхийн аваргын медалиудаа хэлэх байх даа. Дэлхийн аварга, дэлхийн цом, Азийн аваргын медалиуд маань их үнэ цэнэтэй. Тэр тусмаа 2021 оны Ослогийн дэлхийн аваргын хүрэл медалиа хамгаас үнэ цэнэтэй гэж хэлнэ дээ.
-Та жин хэр хасдаг вэ? Хамгийн олон кг хэдийг хасаж байв?
-Хэвийн үед миний жин 63 кг л байдаг юм. 63-аас 59 рүү гэхээр дөрвөн кг хасдаг. Хуучин 58 кг гэж байхад нэлээн хасдаг байж. Ер нь 63, хааяа хүчний бэлтгэл хийхээр 64 кг-аас 58 руу хасаж үзсэн шүү.
-Та хэд хүртлээ барилдана гэж боддог вэ?
-Спорт ямар нэг зүйл золиосолж байж амжилт гаргадаг. Эмэгтэй тамирчдын хувийн амьдрал золиослогддог л доо. Тэд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлээд гэртээ суухынхаа оронд энд тэнд барилдаад явчихаар ар гэрийн, хувийн амьдрал золиослогдох нь тодорхой шүү дээ. Нэгэнт энэ спортыг сонгосон болохоор эцсийг нь үзэж чадахгүй, дундаас нь орхино гэхээр харамсалтай байна. 2024 оны олимпын дараа л барилдахаа болино доо. -Бөхийн буянаар олон л оронд очоо биз? Ер нь очиж үзээгүй тив бий юу? -Бөхийн буянаар 30 гаруй оронд очсон байдаг юм. Африк тивд л очиж үзээгүй.
-Тэгвэл хамгийн таалагдсан орон, хот гэвэл...
-Ер нь бүх л орон сайхан хүлээж авдаг шүү дээ. Гэхдээ хамгийн их таалагдсан хот бол Францын Парис хот. Тэнд 2017 онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байв. Хамгийн сүүлд Норвегийн Ослод 2021 онд очсон. Ард иргэд нь их сайхан угтаж аваад, үдэж гаргасан. Тамирчид тэмцээнд оролцох л гэж явдаг болохоос аялж зугаалах цаг байдаггүй. Очоод цагийн зөрүү гаргана, жингээ хасна, тэмцээнд орно, буцаад Монгол руугаа гэсэн маршрутаар явдаг. Харин Ослогоор бид сайхан аялж зугаалсан. Надад л лав Норвег улс хамгийн их таалагдсан.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Аав ээж, эгч нар, дүү нартайгаа агаарт гарах их дуртай. Даанч тамирчин болохоор чөлөөт цаг, зав зай багатай. Гэртээ амралтын нэг юм уу хоёр өдөр амраад л буцаад бэлтгэл сургууль, тэмцээнээс тэмцээний хооронд явдаг. Чөлөөт цаг гарвал гэрийнхэнтэйгээ хамт байхыг л хүсдэг дээ.
-Очсон газруудаасаа дурсгал болгож ямар нэг зүйл авдаг уу?
-Хөргөгчний наалт их цуглуулдаг. Сүүлийн үед очсон газрудаасаа аяга худалдан авч цуглуулах дуртай болоод байгаа. Бас орсон тэмцээн болгоныхоо чихмэлийг цуглуулдаг.
-Санаанаас тань гардаггүй барилдаан гэж бий л байх...
-Медалиа харах юм уу барилдааны бичлэгээ үзээд сууж байхад тухайн барилдаан яг л өчигдөрхөн болоод өнгөрсөн мэт тод санагддаг. Ялагдсанаа бодвол 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зооны аваргын төлөө Канадын бөхтэй үзээд ялагдсан маань санаанаас огт гардаггүй. Харин ялсан барилдаан гэвэл 2021 оны дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Америкийн бөхийг ялсан барилдаан. Нэг нь баярласан, нөгөө нь харамссан энэ хоёр барилдаан л санаанаас огт гардаггүй дээ.
-Ингэхэд та ямар байгууллагад харьяалагдаж байна вэ?
-Би ОБЕГ, "Аврагч" БТСХ, 120-р ангид харьяалагддаг, ахлагч цолтой. Энэ сайхан байгууллагад 2020 онд тамирчнаар ороод, өдийг хүртэл нэр дээр нь барилдаж байна.
-Танд клип, кинонд тоглох санал ирж байв уу?
-(инээгээд) Одоогоор тийм санал ирээгүй ээ. Ер нь барилдааны бичлэгүүд маань сайтуудад их байдаг. Би клипэнд тоглох ч юм уу киноны халти хэсэгт орохыг их хүсдэг л дээ. Тийм санал ирвэл дуртайяа хүлээн авч тоглоно оо (дахин инээв).
-Танай удамд бөх бий юу? Төрж өссөн нутгийнхаа талаар яриач...
-Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, захчин бүсгүй. Ээж маань Эрдэнэбүрэнгийн өөлд, аав Зэрэг сумын захчин. Манай ээжийн талд мундаг том бөх байсан юм билээ. Баруун аймагтаа алдартай Буянхишиг гэдэг бөхийн үр удам нь би юм аа.
-Ярилцлагынхаа төгсгөлд хувийн амьдралыг чинь сонирхож болох уу?
-Одоогоор аав, ээжтэйгээ амьдарч байгаа. Тусдаа гарч, нөхөр сүүдэртэй болоогүй ээ. Ямар нэг зүйл золиослохыг спорт шаарддаг. Би чөлөөт бөхөд хожуу орсон болохоор амьдралдаа, ер нь л бүх юмандаа золиос гаргасан. Тиймээс амжилтаас өөр зүйл бодогддоггүй байлаа. Ер нь амжилт гаргахын төлөө бүхнээ золиосолсон гэхэд болно шүү. Тэрнийхээ хүчинд дэлхийн аваргын гурав, дэлхийн цомын хоёр, Азийн аваргын дөрвөн медаль, Монгол улсын таван удаагийн аварга гээд энэ сайхан амжилтууд маань гарсан юм болов уу гэж боддог. Тухайн үед би эр хүнийг, нөхөр сүүдрээ сонгосон бол сайн ээж, гэрийн сайн эзэгтэй болоод явах байсан биз. Миний хувьд спортоо сонгоод, амьдралаа жаахан хойшоо тавьсаан.
-Ярилцсанд тун их баярлалаа. Илүү их амжилт гаргаж, гавьяат тамирчин цол хүртэхийг хүсье.
-Баярлалаа.
Ш.Эрдэнэтөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ