Монголбанкны хяналтын зөвлөлийн ээлжит хурал боллоо
Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр боллоо. Хурлаар Монголбанкны 2021 оны байдлаарх ашиг алдагдал, Монголбанкны пассив хөрөнгийн ашиглалтын тухай мэдээлэл хэлэлцэн санал дүгнэлт гаргах; Монголбанкны тухай хуулийн 27 1 дүгээр зүйлийн Хяналтын зөвлөлд хамаарах хэсэгт өөрчлөлт оруулах талаар гишүүд харилцан санал солилцох зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Монголбанкны тухай хуулийн 27 1 дүгээр зүйлийн Хяналтын зөвлөлд хамаарах хэсэгт өөрчлөлт оруулах, Хяналтын зөвлөлийн үндсэн үйл ажиллагааны олон улсын туршлага, ОУВС-ийн зүгээс өгсөн санал зөвлөмжийн талаар гишүүд харилцан санал солилцон тодорхой санал боловсруулан холбогдох төрийн байгууллагад хүргэх нь зүйтэй гэж санал нэгдэв.
Мөн Монголбанкны орон нутаг дахь хэлтэс, салбарын ажилтай газар дээр нь очиж танилцах, арилжааны банкуудын салбар, зарим хүнс хөнгөн үйлдвэр болон бусад аж ахуйн нэгжийн төлөөлөгчидтэй уулзаж, ярилцлага хийж, санал солилцон ажилласан талаарх илтгэлийг сонсож уг илтгэх хуудсыг Монголбанкны Дотоод аудитын газар, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын ахлах мэргэжилтэн нарт хүргүүлж, тэнд гарсан санал дүгнэлтийг ажил хэрэг болгож ажиллахыг санал болгожээ.
Монголбанкны хяналтын зөвлөл нь Монголбанкны Өвөрхангай, Архангай, Завхан аймаг дахь хэлтэс, салбарын ажилтай газар дээр нь очиж танилцав. Мөн тус аймаг дахь арилжааны банкуудын салбар, зарим хүнс хөнгөн үйлдвэр болон бусад аж ахуйн нэгжийн төлөөлөгчидтэй уулзаж, ярилцлага хийж, санал солилцон ажилласан. Уулзалт ярилцлагаас үзэхэд цар тахлын дараах худалдаа бизнесийг сэргээх эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангахад зээллэг голчлон чиглэгдсэн байна. Харин цаашдаа нийт зээлдэгчдийн наад зах нь тухайн аймагт бусад салбарыг дагуулаад явах 2-3 томоохон зээлдэгчдийг олж, бүх талаас дэмжих нь зарчмын ач холбогдолтой гэдгийг оролцогчид онцлон тэмдэглэж байна. Мөн Аймгийн хэмжээний үйлдвэрлэлийн дулаан, уур, цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээг бий болгох, ингэж чадвал арилжааны банкуудын зүгээс үйлдвэрлэлийг, технологийг дэмжих зээл олгох боломж илүүтэй нэмэгдэхээр байгааг, дэд бүтэц бүрдвэл зээлийн чанарт нөлөөлөх, өөрийн эргэлтийн хөрөнгийг бүрдүүлж чадах, цаашдын шинээр ажлын байрыг бий болгох боломж байгааг иргэд санал нэгтэй байлаа.
Цаашид улсын төсвийн эх үүсвэртэй сумыг хөгжүүлэх зээлийн сан, ЖДҮ-ийн зээлүүдийг цаашдаа зөвхөн арилжааны банкуудаар дамжуулан олгож байх нь илүү өгөөжтэй, эргэн төлөлт сайтай байх болно гэдгийг Монголбанкны болон арилжааны банкуудын орон нутаг дахь салбар, хэлтсийн ажилтнууд тэмдэглэж байсныг анхааралдаа авлаа.
Мөн Баялгийн өгөөжийн тодорхой хэсгийг албан журмын үндсэн дээр хуулиар хүүхдийн болон өндөр насны хадгаламж хэлбэрээр банканд хуримтлуулж, эдийн засгийг урт дунд хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болгох, ийм хадгаламж бий болсноор хүн амын ирээдүйн амьдралын баталгаа бий болно гэдэг санааг томилолтын явцад танилцуулж, зарим иргэд, банкныхан, бизнес эрхлэгчдийн анхааралд оруулсан байна.
Хяналтын зөвлөлийн гишүүдийн зүгээс танилцсан мэдээлэлтэй холбогдуулан санал дүгнэлтээ УИХ-ын холбогдох хороо болон Монголбанкны удирдлагад хүргэх нь зүйтэй гэж үзлээ.
Эх сурвалж: Монголбанкны хяналтын зөвлөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ