Монголын жүдочид эхний өдөр 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэв

Монгол Улс шигшээ баг “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний эхний өдрийн байдлаар 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтай тус тэмцээнийг тэргүүлж байна.


Энэ өдөр эмэгтэйчүүдин 57 кг жинд ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө ОХУ-ын Дария Курбонмамадоваг нэмиэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар Гранд Слам ангилалаас анхны алтан медаль хүртлээ. Л.Энхрийлэнгийн хувьд өмнө нь Их дуулгаас нийт 3 хүрэл медаль хүртээд байсан. Мөн энэ жинд Женко клубийн тамирчин ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо хүрэл медаль хүртлээ.



Ийнхүү 57 кг-д Л.Энхрийлэн алтан медаль, Дария Курбонмамадова /IJF/ мөнгөн медаль, М.Ичинхорлоо /Монгол/, Тимна Нельсон Левай /Израил/ нар хүрэл медалийн эзэд болов.


“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний 66 кг жингийн аваргын төлөө Монгол Улсын шигшээ багийн тамирчид болох ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр, Г.Сод-Эрдэнэ нар аваргын төлөө хоорондоо өрсөлдлөө. Энэ удаад Б.Эрхэмбаяр өрсөлдөгчөө цэвэр ялснаар Гранд Слам ангилалд анхны түрүүгээ авсан. Харин Г.Сод-Эрдэнэ IJF-ийн дэлхийн цувралаас анхны мөнгөн медалиа хүртсэн бол ДАШТ-ий хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү Гранд сламын ээлжит хүрэл медаль гардлаа. “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний 66 кг-д нэг хүрэл медалийг Яго Абулазе /IJF/ хүртсэн юм.



“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний эрэгтэйтэйчүүдийн 60 кг-д алтан медаль Риюүжү Нагаяма /Япон/, мөнгөн медаль Ян Юү-Вэй /Тайвань/, хүрэл медаль Ли Ха-Рим /БНСУ/Энхтайваны Сумъяабазар /Монгол/ тус тус хүртэв.


Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д алтан медаль Нацүми Цүнода /Япон/, мөнгөн медаль Ганбаатарын Наранцэцэг /Монгол/, хүрэл медаль Ли Хе-Кюүн /БНСУ/, Абиба Абузакынова /Казахстан/ тус тус хүртжээ.




“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д Хилчин спорт хорооны тамирчин ОУХМ Бишрэлтийн Хорлоодой хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо Португалын Жоана Диогод даралтаар цэвэр ялагдсан ч торгуулийн барилдаанд Германы Масча Болхаусыг өөрийн дархан шахаж татах мэхээр цэвэр ялсан. Улмаар хүрэл медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Израйлын Жефен Примог торгуулиар яллаа. Ингэснээр Б.Хорлоодой Гранд Слам ангилалаас 5 дахь хүрэл медалиа хүртэж байгаа бөгөөд өмнө нь Дюссельдорф, Парис, Баку, Абу Дабигийн Их дуулгад хүрэл медаль хүртэж байлаа.




Түүнтэй хамт 52 кг жинд барилдсан Ц.Гал-Од Оросын Лилиа Нугаевад, Э.Номинтуяа Оросын Алесиа Кузнецовад, М.Нандин-Эрдэнэ Германы Маша Баллхауст тус тус ялагдаж тэмцээнээ дуусгасан.


Харин 52 кг жингийн нэг хүрэл медалийг БНСУ-ын Ерин Жун, мөнгөн медалийг Оросын Алесиа Кузнецова, алтан медалийг Узбекистаны Диора Келдиорова нар хүртлээ.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ