Санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо

Санхүүгийн зохицуулах хорооны 12 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 28 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаас хойш анхны санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Монголын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн эжинси” ХХК-д олгохоор хуралдаанаар шийдвэрлэв. Санжүүжих чадавхын зэрэглэл тогтоох байгууллага бий болсноор санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, мэдээллийн тэгш байдлыг бий болгох давуу талтай. Аж ахуйн нэгж байгууллагуудад ч санхүүжилт татах боломж бололцоог нэмэгдүүлэх, санхүүжилтийн өртгийг бууруулах, зэрэглэл нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад голлох үүрэг гүйцэтгэж, хөрөнгийн зах зээлийн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мөн хуралдаанаар “Таванбогд трейд” ХХК-ийн охин компани болох “Мон бийф” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Тус компани нийт хувьцааныхаа 30 хувь буюу 64,285,700 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 45 төгрөгөөр нийтэд санал болгож, 2.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгохоор шийдвэрлэж, гурван хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэлээ. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид олгож, нэг компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж, мөн үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр нэг компанийг бүртгэв.

“Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор журам батлагдахаас өмнө финтек зээлийн үйлчилгээ эрхэлж байсан банк бус санхүүгийн байгууллагуудыг мэдээллийн аюулгүй байдлын аудит болон кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хийлгэж баталгаажуулан 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх гэж заасныг өнөөдрийн хуралдаанаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгож хэрэгжилтийг хугацааг сунгахаар хшийдвэрлэлээ.

Мөн “Юбикаб Кредит” Хадгаламж зээлийн хоршоонд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв. Тус хадгаламж зээлийн хоршоо нь ЮБИКАБ системд бүртгэлтэй, хамтран ажиллагч 10 мянга гаруй жолоочийг сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсүүлж такси үйлчилгээний стандарт, аюулгүй байдлыг хангах, автомашинаа шинэчлэх, засвар үйлчилгээ хийлгэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг өгөх цаашилбал өдрийн орлогоосоо хуримтлал үүсгэх боломжийг бүрдүүлэх аж. Такси үйлчилгээ эрхлэгчид хадгаламж, зээлийн үйлчилгээг ийнхүү нэг дороос авснаар санхүүгийн үйлчилгээний хүртээмж ч сайжрах ач холбогдолтой юм.

Хуралдаанаар мөн гурван компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсний зэрэгцээ нэг компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэж, гурван компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, нэг компанид үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ