О.Хэрлэн: Хүүхдийн төлөө фондод хандсан ч МӨНГӨ ӨГӨХ ХУУЛЬГҮЙ гэсэн

Турк улсад чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор эмчилгээ хийлгэж буй Х.Эрхэс хүүгийн талаар түүний аав О.Хэрлэнтэй холбогдож, мэдээлэл хүргэсэн билээ.  Хүүг эргээд эмнэлэгт эмчилгээ хийлгэж эхэлсэн гэсэн учир дахин холбогдож, ярилцав.  

Хүүгийн эмчилгээнд  450 сая төгрөг шаардлагатай. Үүнээс одоогийн байдлаар 308 сая төгрөг бүрдэж, урьдчилгаа төлбөрөө төлсөн учир Х.Эрхэс хүү эргээд эмнэлэгт хэвтэж,хагалгаандаа бэлдэж эхэлжээ. Дөрөв хоногийн дараа донор болох дүү нь эмнэлэгт хэвтэх аж. 

Дэлхийн хүүхдийн төлөө фондоос Х.Эрхэс хүүгийн эмчилгээний төлбөрт 10,000$-ийн хөнгөлөлт үзүүлжээ. Харин Монголын "Хүүхдийн төлөө фонд" руу хандахад хууль байхгүй учир хөнгөлөлт үзүүлэх боломжгүй гэх тайлбар өгсөн байна.

Хүүгийн аав О.Хэрлэнгээс эмчилгээний зардал хэрхэн бүрдэж байгаа талаар тодруулахад "Хүүд минь тусалж, хандив өгч байгаа монгол түмэндээ маш их баярлаж байна. Цахим орчинд "saveErkhes" гэж бичиж давлагаалснаар маш олон хүнд хүрч чадлаа. Гэхдээ ингэж бичсэнээр ямар нэгэн газраас хөнгөлөлт үзүүлэхгүй. 

Бидэнд "Дэлхийн хүүхдийн төлөө фонд"-оос эмчилгээний төлбөрийн 10.000$-ийг хөнгөлж өгсөн. Одоо нийт 308 сая төгрөг цуглаад байна. Тэгэхээр одоо 142 сая төгрөг үлдсэн гэсэн үг.

Монголын "Хүүхдийн төлөө фонд" гэх байгууллагад хандсан ч миний хүү шиг гадаадад эмчлүүлэх шаардлагатай хүүхдэд мөнгө өгөх хууль байхгүй гэсэн.

Тэгэхээр цаашдаа монголын үрсэд минь тохиолдох энэ хүнд өвчин монголын төрд хамаагүй юм байна. Улс төрчид бидний сайн сайхны төлөө гэж ярьж, УИХ-д ордог. Тэгсэн хэрнээ төрд гарчихаад хавдар Монголд эмчлэгдэх боломжгүй болтол нь амьдруулж байгаа нь эмгэнэлтэй байна" гэсэн юм. 

zindaa.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ