О.Хэрлэн: Эрхтэнээ зараад ч хамаагүй хүүгээ эмчлүүлмээр байна
Нэгэн аав хүүгийнх нь эмчилгээний зардал дутсан учраас Турк дэх Монголын Элчин сайдын яаманд “Эрүүл эрхтэнээ зарна” гэх бичиг барин зогссон зураг нийгмийн сүлжээд гараад байгаа билээ.
Монгол Улсын иргэн О.Хэрлэн том хүүгээ эмчлүүлэхээр Турк улсыг хэд хоногийн өмнө зорьсон. Түүний том хүү Монголд эмчлэгдэх боломжгүй учраас бага хүүгээ донор болгож, том хүүгээ аврахаар Турк улсыг зорьсон нь энэ аж. Гэтэл эмнэлгийн зардал төлөгдөөгүй гэдэг шалтгаанаар тэднийг эмнэлгээс нь гаргасан байна. Иймд О.Хэрлэн хүүгээ нэн яаралтай аврахын тулд Элчин сайдын яаманд хандаж, цаашлаад өөрийнхөө эрүүл эрхтэнг худалдаад ч хамаагүй хүүгээ босгож авах аргыг сүвэгчилж буй ажээ. Манай сайт хоёр хүүгийн аав О.Хэрлэнтэй холбогдон, нөхцөл байдлыг тодрууллаа.
-Хүү нь ямар өвчнөөр өвдсөн бэ?
-Миний хүүг Х.Эрхэс гэдэг. Одоо 11 настай. ЭХЭМҮТ-д архаг цус багадалттай гэж оношлогдсон. Монголд эмчлэгдэх боломжгүй гэх хариуг эмч нараасаа сонссон. Тиймээс Туркийн “Medikalpark Goztepe” клиникт “Чөмөг шилжүүлэн суулгах” хагалгаанд нэн яаралтай орох шаардлагатай болсон юм. Тиймээс донор болох бага хүүгээ аваад эхнэрийнхээ араас энд ирсэн. Анхан шатны эмчилгээндээ орсон ч дараагийн шатны эмчилгээндээ орох боломжгүй болчихлоо. Тиймээс биднийг эмнэлгээс гаргасан. Дүү нь донор болохоо хүлээж, ахыгаа асарч байгаа. Хүүд минь өдөрт 500 ам.долларын эмчилгээ шаардлагатай.
-Ямар шалтгаанаар эмнэлгээс гаргасан бэ?
-Урьдчилгаа төлбөрт 70 мянган доллар байршуулаарай гэж эмнэлгээс хэлсэн. Харин бидэнд 10 мянган доллар л бий. Тиймээс эмчилгээг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн эмнэлгээс гаргасан юм. Бид Турк улсад ирээд тав хонож байна. Өвдөж байгаа үрээ хараад тайван сууж чадахгүй, арга ядаад эрүүл эд эрхтэнээ заръя гэж шийдсэн. Үнэхээр арга мухардаад л энэ. Хаана барьж зогсохоо мэдэхгүй тул Турк дэх Монголын Элчин үүдэнд өчигдөр зогслоо. Гэхдээ өчигдөр “Бурхан багшийн их дүйчэн өдөр” тохиож байсан учраас Элчин сайдын яаманд хүн байгаагүй. Миний байрлаж байгаа газар Элчин сайдын яамнаас 80 км-ийн зайтай ч өнөөдөр дахиад л тусламж хүсэхээр явж байна.
-Турк дэх Монголчууд тусалж байгаа гэсэн үү?
-Тийм ээ. Турк дэх Монголчууд маань биднийг Элчин сайдын яамны гадаа хүргэж өгөхөд тусалж байна. Мөн хүүд минь хандив тусламж өгч байна. Зарим нь гэртээ байлгаж тусалж байгаа. Бүх чадлаараа эрвийх дэрвийхээрээ тусалж байна. Бид Монгол Улсад байхдаа 76 гишүүнд захидал бичиж, хоёр ч удаа хүсэлт тавьж үзсэн. Хандив хүсээд яваагүй газар бидэнд байхгүй. Эцсийн зогсоол л энд туллаа. Бусдад тээр болж амьдрахыг хүсдэггүй ч үнэхээр үрээ өвдөхийг хараад надад үүнээс өөр гарц байсангүй. Ирээдүй болсон хүүхдүүддээ төр нь тусалж дэмждэг байгаасай гэж хүсэж байна.
Уншигч та бүхэн үр хүүхдээ аврах чин хүсэлтэй О.Хэрлэнгийн гэр бүлд туслахыг хүсвэл хүүгийн ээж У.Солонго: 5376143218 дансанд сэтгэлийн дэм өргөнө үү.
itoim.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ