АИ-95 автобензин 350, АИ-98 автобензин 300 төгрөгөөр нэмэгджээ
Монгол Улсын хувьд, сард дунджаар 4000 тонн АИ-95 автобензин хэрэглэдэг аж. Энэ нь өргөн хэрэглээний АИ-92 автобензинтэй харьцуулахад 10 дахин бага бөгөөд АИ-95 төрөл нь манай улсын шатахууны нийт хэрэглээний зургаа хүрэхгүй хувийг эзэлдэг байна. АИ-98 бензиний хувьд тансаг зэрэглэлийн автомашинууд түлхүү хэрэглэдэг бөгөөд дотоодын шатахууны нийт хэрэглээний 0,5 хүрэхгүй хувийг эзэлдэг байна аж.
Манай улс энэ оны эхний таван сарын байдлаар сард дунджаар 50 мян.тн АИ-92 автобензин хэрэглэсэн бол үүний 5 хувьтай тэнцэх хэмжээтэй АИ-95, АИ-98 шатахууныг 1 сард хэрэглэжээ. Харин газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээний 1.7 хувийг АИ95/98 автобензин эзэлж байна.
Өнөөдрийн хувьд, өргөн хэрэглээний АИ-92 автобензин болон дизель түлшний үнэ нэмэгдээгүй байна. Засгийн газраас Гаалийн болон Онцгой албан татварын зохицуулалт хийж, “Роснефть” НХН-тэй хэлцэл явуулсны үр дүнд үнийн өсөлтөөс сэргийлсэн аж. Өргөн хэрэглээний АИ-92 болон дизель түлшний үнэд эдгээр зохицуулалтуудыг хийснээр дотоодод худалдаалагдах шатахууны үнэ литр тутамд 1200 орчим төгрөгөөр нэмэгдэж, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх эрсдэлээс сэргийлснийг бодлого тодорхойлогчид ярьж буй.
Дашрамд дурдахад, энэ сарын 06-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 74,827 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 3,015 тн, АИ-92 автобензин 27,418 тн, АИ-95 автобензин 4,017 тн, ДТ 35,517 тн байгаа ба АИ-92 автобензиний 29, АИ-95 автобензиний 55, ДТ-ний 32 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 14,704 тн, хангайн бүсэд 10,267 тн, төвийн бүсэд 36,612 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 9,763 тн байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ