Судалгаа: Түүхэнд анх удаа хорт хавдрыг бүрэн эмчилжээ
Судлаачид хүн төрөлхтөн хорт хавдрыг ялахад нэг алхам ойртож буй судалгааны үр дүнг танилцуулжээ. Тодруулбал, Нью Йоркийн SLoan Kettering хорт хавдрын төвөөс хийсэн туршилтад орсон шулуун гэдэсний хорт хавдартай 18 өвчтөн зургаан сарын дараа бүрэн эдгэрсэн байна. Тус 18 өвчтөн эрдэмтдийн гаргасан хорт хавдрын эсрэг достарлимаб (dostrlimab) гэх тарилга бүхий эмийг хэрэглэсэн бөгөөд зургаан сарын дараа өвчтөн тус бүрийн хорт хавдрын эс ор мөргүй арилсан гайхалтай үр дүнг харуулжээ.
Уг төвийн судлаачид туршилтад оролцсон өвчтөнүүдээс ходоод болон бүдүүн гэдэсний дотуур дуран, рентген зураг болон бусад төрлийн нарийн шинжилгээг авахад хавдрын ямар ч ул мөр илрээгүй хэмээн мэдээлжээ. Уг эмчилгээ яагаад амжилттай үр дүн өгсөн талаар нарийвчлан судлах шаардлагатайг дурдсан байна.
Зарим эрдэмтэн ийм төрлийн үр дүн хорт хавдрын судалгааны түүхэнд өмнө нь хэзээ ч харагдаагүй гайхалтай зүйл гэдгийг илэрхийлжээ.
Судалгааны ахлах, доктор Луйз Диаз Нью Йорк Таймс сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Бид үр дүнг хараад үнэхээр гайхаж, цочирдсон. Энэ бол хорт хавдрын судалгааны түүхэнд гарсан хамгийн анхны тохиолдол гэж харж байна. Цаашлаад уг эмчилгээ илүү өргөн цар хүрээний үр нөлөөтөй байх бүрэн боломжтой" хэмээжээ.
Уг эмчилгээний нэг давуу тал нь өвчтөнүүд олон дахин мэс засал, химийн эмчилгээ, цацраг туяаны шаардлагагүйгээр эдгэрч байгаа нь ажиглагдаж байгаа юм.
Достарлимаб эмийг ГлаксоСмитКлаинэ эмийн компани хөгжүүлсэн бөгөөд нэг тун нь 11 мянган ам.долларын үнэтэй. Уг эмийг зургаан сарын турш гурван долоо хоног тутам өвчтөнүүдэд хэрэглүүлсний дараа дээрх үр дүн гарсан байна.
Дээрх туршилтыг шалган судалж буй эрдэмтэд хэвлэл мэдээлэхдээ “Энэ нь хүн төрөлхтөнд үнэхээр найдвар төрүүлсэн зүйл болсон. Гэхдээ бидэнд уг эмийг илүү олон хүнд одоогийнх шиг үйлчилж чадах эсэх болон олон төрлийн хорт хавдрын аль үе шатан дээр илүү үйлчлэл сайтай байгаа, ямард нь үйлчлэл муутай байгааг шалгаж, бататгахын тулд илүү олон хүнийг хамарсан туршилт, судалгаа хийх шаардлагатайг онцолсон байна.
Эх сурвалж : itoim.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ