ДЭМБ: Өмнө нь сармагчны цэцэг өвчин бүртгэгдэж байгаагүй 27 оронд 780 тохиолдол гараад байна
ЖЕНЕВ. /AFP/. Одоогийн байдлаар өмнө нь сармагчны цэцэг өвчин бүртгэгдэж байгаагүй дэлхийн 27 улсад уг өвчний 780 тохиолдол бүртгэгдээд байгаа талаар Дэлхийн Эрүүн мэндийн байгууллагаас /ДЭМБ/ ням гарагт мэдээлжээ.
Мөн ДЭМБ сармагчны цэцэг өвчний дэлхийн хэмжээнд учруулах эрсдэлийн түвшинг дунд зэрэг хэмээн үнэлж байна гэв.
Түүнчлэн уг өвчний талаарх тархвар судлалын болон лабораторийн мэдээлэл хязгаарлагдмал байгаа аж.
НҮБ-ын Эрүүл мэндийн байгууллага мэдээлэхдээ, “бусад улс орнуудад сармагчны цэцэг өвчний тохиолдол аль хэдийн гарч байсан байж магадгүй ба вирус цаашид улам бүр тархах магадлал өндөр байна” гэжээ.
Уг өвчнөөр өвдөөд тусгаарлагдсан өвчтөнүүдийг эс тооцвол эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдол цөөхөн байна.
ДЭМБ-аас өмнө нь тус өвчин бүртгэгдэж байгаагүй ч хамгийн олон халдвар гараад байгаа улс орнуудыг жагсаасан ба үүнд Их Британид 207, Испанид 156, Португалд 138, Канад улсад 58, Германд 57 тохиолдол тус тус гараад байгаа юм.
Европ болон Хойд Америкаас гадна Аргентин, Австрали, Марокко, АНЭУ улсуудад тус тус цөөн тооны тохиолдлууд бүртгэгджээ.
Мөн зарим улс орнууд ДЭМБ-д шинээр халдвар авч буй тохиолдлууд нь өмнө халдвар авсан тохиолдлуудтай холбоогүй байгааг мэдэгдсэн ба энэ нь уг өвчний вирус олон нийтийн дунд тархсан гэдгийг илтгэж байна хэмээн ДЭМБ мэдэгдэв.
montsame.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ