Японд арван жил амьдарч байгаа Д.Хулан: Энэ амьдралдаа хүрэх гэж бид өдөр бүр хичээсэн

  Монголчууд бид амьдралын эрхээр дэлхийн дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдарч буй.  Зарим нь хилийн чанадад нас туршдаа амьдрахаар эх орноо орхисон нь ч бий. Нэг хэсэг нь гадаадад амьдарч буй ч нутагтаа жил болгон юм уу хэдэн жилийн дараа ирж амрах нь ч бий. Юутай ч эх орноосоо гараад арван жилийн нүүр үзэж байгаа нэгэн бүсгүйтэй цахимаар ярилцсанаа уншигч та бүхэнд толилуулъя. Түүнийг Д.Хулан гэдэг, Японд гэр бүлийн хамт  аж төрдөг юм.                       
 
-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?    
                      
-Намайг Дашийн Хулан гэдэг. Японд амьдардаг.                              

 -Наанаа хэдэн жил амьдарч байна вэ?                       
 -Арван жил болж байна  даа.                                                   

-Та ямар хотод амьдардаг вэ?                            

-Токиод.                                    

 -Нутаг нэгтнүүд маань тэнд хэр олон байдаг вэ?                                                 

 -Анх энд ирэхэд маш цөөхүүлээ байсан санагддаг юм. Харин одоо метрогоор явахдаа л 2-3 монгол хүнтэй тааралддаг болсон байна билээ. Тэгэхээр бид их олуулаа Японд байгаа юм байна гэж бодох болсон шүү.                            

 -Нутаг нэгтнүүдтэйгээ ямар харьцаатай вэ?               

-Ер нь найзалдаг хүмүүстэйгээ нэлээн дотно харьцаа холбоотой гэж болно. Бас энд удаж байгаа болохоор нэр усыг нь мэдэхгүй ч монголчуудтайгаа мэндлээд өнгөрдөг болсон байна билээ.           

  -Яагаад Японд амьдрах болов?                                             

-Би орчуулга хийгээд, Монголынхоо гоё, үзэсгэлэнт газруудаар аялж, хөдөө, орон нутгийн ядуу зүдүү айл өрхөд тусламж хүргэх зорилготой явдаг байлаа. Нэг мэдэхэд эх орноо тавантаа тойрчхож. Тэгээд Монголын хамгийн хүнд, хэцүү амьдралтай хүмүүст туслахаар ирдэг жуулчдаа онгоцны буудлаас тосохоор явж байгаад нөхөртэйгээ танилцаад, Японд ирсэн л дээ. Нөхөр маань тэр үед Чибагийн их сургуулийн их сургуульд сурч байсан юм. Тэр, бакалавраар төгсөөд, мастер хамгаалж, Японд ажиллана гэдэг зорилготой байсан. Тиймээс бусдын л адил эр нөхрөө дагаад, Японд амьдрахаар ирсэн гэж болно. Эхэндээ энэ орон миний хувьд төсөөлшгүй бүр нүдэнд тэр битгий хэл зүрх сэтгэлд буушгүй орон байлаа.        

 Би нэг сонирхолтой түүх ярьж болох уу?                          
 -Тэг тэг.                                       

-Би бүх ажлаа хүлээлгэж өгөөд Монголдоо ирлээ. Тэр чинь 2011 он. Япон визагаа аваад удаагүй байтал "2011 оны гуравдугаар сарын 11-нд газар аймшигтай хөдөлж, цунами нүүрлэлээ. Хүмүүс Японоос дүрвэж бана" гэх зэрэг мэдээ хаа сайгүй шуураад. Яг тэр үед би хүүхдийн асрамжийн газар орчуулга хийх хэрэгтэй болоод мэдээ битгий хэл утсаа ч харах завгүй байсан юм. Ажлаа дуусаад, утсаа аваад үзсэн чинь гадаадад бас Монголд амьдардаг найзууд залгах нь залгаж, зурвас илгээх нь илгээсэн байв. И-мэйл хаягаа шалгатал бүр 200 гаруй дуудлага ирсэн байсан нь намайг их цочирдуулсан. Тэгээд залгасан бүх найз руугаа залгалаа. Тэд өөдөөс "Нөхөр чинь зүгээр үү?" гэж асууж байна. "Зүгээр зүгээр, өглөөхөн ярьсан шүү дээ. Яасан?" гэсэн хэрнээ зүрх пал гээд л савлах нь тэр. Нэлээн паникт орсон би нөхрийнхөө гар утас руу залгасан чинь өөдөөс харин японоор "Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна" гэдэг юм. Би ч залбираад, "Бурхан минь хамгаалаарай" гэж дотроо гуйж билээ.     Тэгсэн үүрэн телефоны  "Мобиком", "Юнител" компани бүгд Япон руу ярихад үнэгүй болгочихсон юм. Хэсэг хугацааны дараа дахиад залгатал нөхөр маань утсаа авч байна. "Яасан? Зүгээр үү?" гэсэн чинь "Аймаар цунами болж, газар хөдлөөд. Гэхдээ гайгүй, миний байгаа газраас хол. Жижиг дэлгүүрүүдийн ус, хоол дуусаж байна" гэхдээ хоолой нь тун тайван сонсогдлоо. Би ч тайвширч, утсаа таслаад, унтахдаа зурагтаа асаав. Тэгсэн Монголын телевизүүдийн мэдээ бүр түгшүүртэй, цаанаа л айдастай байлаа. Би яг хоёр сарын дараа Япон явахаар бэлдэж байсан юм.                           
 Тэр үед дотнын нэг найз маань "Хулаан, миний найз аа. Япон улс нурсан нурангиа тэр чигт нь хаядаг орон биш ээ. Чи янз бүрийн хүмүүсийн түүх унших дуртай юм чинь хайгаад, уншаад үзээрэй" гэж хэлж байсан юм.                            
Үнэхээр ч Хирошима хотыг ямар дэлбэрэлтэд өртсөнийг та бүхэн санаж байгаа биз. Бас япон охинд явуулна гээд цаасан шувуу хийдэг байсан биз дээ? Хирошима хотыг япончууд гайхалтай бүтээн босгосон шүү. Ингээд нурсан нурангиа үлдээдэггүй, үргэлж босгон байгуулж ирсэн Япон улсад баяр хөөртэй, айдасгүйгээр амьдарна даа гэсэн бүрэн дүүрэн итгэлтэйгээр очсон доо. 
  No description available.

-Япон дэлхийн хамгийн их өртөгтэй улсуудын нэг. Танай гэр бүлийн орлого, зарлагыг сонирхож болох уу?  
              
 -Ер нь гайгүйдээ орно оо. Амьдрал их сонин бас баян шүү дээ. Анх мөнгө төгрөг хаанаа ч хүрдэггүй байсан үед хүргэх гэж хичээгээд л явдаг байлаа. Харин одоо хамаагүй гайгүй, гэхдээ хахаж цацсан биш ч манай гэр бүлд яг л гоё, хүрэлцээтэй байгаа. Энэ амьдралдаа хүрэх гэж бид өдөр бүр хичээсэн. Усанд гоймон чанаад идэж явсан үе ч бий. Би тэр үеэ их бодож, эргүүлэн санадаг. Тэр үед, амьдралаа босгох гэж хичээж явахдаа жирэмсэлчихсэн юм. Ингээд эмчид үзүүлэх бүрт 10,000 иен төлнө. Үнэхээр хэцүү (инээв). Бас дээр нь эмнэлэгт үзүлэхгүй байх аргагүй. Арван мянган иен гэдэг маань тухайн үеийн 150,000, одоогийн 250,000 төгрөг л дөө.       Мөнгө төгрөг тааруухан байсан ч нөхөр бид хоёр хайр асгаруулж явсан шүү.      

       -Нууц биш бол та ямар ажил хийдэг вэ?                       

 -Юуг нь нуух вэ дээ. Энэ сэдэв бол миний хамгийн дуртай сэдэв. Асуусанд их баярлалаа. Би Японд арван жил амьдрахдаа "Shearton" зочид буудалд хоёр жил гаран, "Uniqlo"-д таван жил ажилласан. Энд хүүхэдтэй хүн ажиллах маш хэцүү. Хүүхэд өвдөхөөр дуудагдана, халуурлаа, бүлээрлээ гээд ажлаа 3-5 хоног таслаад, хүүхдээ харж амарна. Тэгэхээс өөр аргагүй. Удаан ажилласан энэ хоёр газарт хамт ажиллаж байсан бүх хүнд талархмаар байдаг. Намайг маш сайн ойлгодог, хүндэлж хайрладаг, зөөлхөн уур амьсгалтай хамт олон. Корона гараад би ажилгүй болоод бас л муухай байсан шүү. Жил гаран гэртээ сууж, хүүхдээ хараад, сэтгэлээс нэг тийм эвгүй, хүнд мэдрэмж уяатай байдаг байлаа. Нэг л өдөр би ажилд орох ярилцлага өгөхөөр олон газар луу cv-гээ илгээсэн юм. 140-өөд газар өгснөөс 20 гаруйд нь тэнцсэн. Ингээд бараг эсрэгээрээ би ажлаа сонгох боллоо. Надад нэг ийм бодол байдаг л даа. Хүүхэд байхаас л хийж үзээгүй байж айдаг гэхээр миний ой тойнд огт буудаггүй. Хийж үзээд л алдаа, сургамж, ололт амжилт амттай санагддаг учир ажлын ярилцлагад ороход надад айх юм ер байдаггүй. Тэнцсэн, тэнцээгүй нь хамаагүй, зүгээр сууж байснаас намайг илүү хөгжөөдөг, илүүг сурах, мэдэх эрмэлзэлтэй болгодог. "Ханеда" онгоцны буудал, "Starbucks", "Christian Dior", "Fendy" гэх мэт гайгүй газар тэнцсэн. Би хоёр хүүхэдтэй болохоор амьдралын гоё, амттай хуулиа дагаад хагас цагийн ажлаа хийхгүй бол болохгүй нөхцөл байдал гарч ирсэн. Одоо миний хийдэг ажил бол Young living буюу амин тос. Хүмүүсийн хэлдгээр сүлжээний бизнес. Яагаад энийг сонгосон бэ гэхээр гэрт хүүхдүүдээ харангаа хэрэглэж бас судалж үзээд, хүний биед ямар их хэрэгтэй зүйлс агуулдгийг мэдэх тусам миний сэтгэлийг улам баясгаж, дурлуулж, гайхашруулж эхэлсэн л дээ.    Би 2021 оны есдүгээр сард Харвардын онлайн сургуулийн "Бизнесийн хэлэлцээр хийх урлаг" гэдэг сургалтад суухдаа, олон олон бизнестэй хүмүүстэй мөр зэрэгцэн сурч байхдаа тархи унтрахаа болиод, улам их зүйл бодож, сэтгэж байгааг бичихгүй л бол толгой дотроо эргүүлгэнд орсон гэх юм уу даа. Тэгээд би тархиа амраахын тулд бичиж бас зурж эхэлсэн. Надаас гарч буй нэг тийм, хөнгөрөх мэдрэмж намайг амрааж байлаа. Тэгээд 2021 оны 12-р сарын 11-нд хүү Мэргэнийхээ төрсөн өдрөөр эрхэм хүндэт нэгэн найзаасаа  young living  буюу амин тосны бэлэг авсан. Их ч догдолсон доо. "Спортлог охид" группийн найзуудтайгаа уулзах далимдаа Киото хотоос хүүгийн минь төрсөн өдөрт ирэхдээ надад өгсөн тэр бэлэг намайг маш сайхан амраасан юм. Хурдан галт тэргэнд суугаад, өдөржин чатлан, "Чи яг одоо юу хүсэж байна вэ?" гэхэд нь "Тархиа амрааж унтмаар байна" гэсэн. Маргааш нь надтай уулзаад өгсөн гоё, анхилуун үнэртэй тэр тос эм уулгүй унтуулсанд маш их баярласан юм. Энэ тухай Харвардын ангийнхантайгаа ярилцахдаа уг компани өөрийнхөө үйлдвэрээс жинхэнэ органик бүтээгдэхүүнээ гаргадаг гэх мэтийн маш сайхан олон мэдээлэл авсны эцэст судалж судалж орсон л доо. Цаашдаа амин тос буюу арома ессетиал тосын тухайд дөрвөн жил их сургуульд сурдаг шиг суралцана гэж бодож байгаа. Зорилготойгоор бас тууштайгаар шинэ үе шат руу өөрийгөө бэлдэж байгаа гэхэд болно. Миний хувьд хийвэл хийсэн шиг хийе, шийдвэл шийдсэн шиг шийдье гэж боддог. Магадгүй ярилцлагыг маань уншиж буй эрхэм уншигч та сүлжээ бизнес шүү дээ гэж голонгуй хандах байх л даа. Харин би хийж байгаа энэ зүйлдээ үхэн хатан дурлаж, бас суралцаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Хэрэв та сонирхож байвал байгаа газрынхаа амин тосыг аваад үзээрэй. Мөн надтай холбогдож болно оо. Ер нь ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийвэл амьдрал арав дахин буцааж өгдөг юм шүү. Шал угаасан ч, цэвэрлэгч, үсчин, барилгын ажил, нүүлгэлт ч байсан өөрөөсөө гарч болох хамгийн сайнаар хийгээрэй гэж л захья даа. Би энд эдгээр ажлыг бүгдийг нь хийсэн. Ажиллаж буй газраасаа үргэлж найзтай бас хамт олонтой болдог.   Миний хоёр дахь ажил цагийнх л даа. Томоохон зочид буудалд цагаар ажилладаг юм. Ажлаа эрч хүчтэй хийж, хамт олноо тойруулж дагуулан, хүнд хэцүү байсан ч хөнгөхөөн хийгээд, хурдан дуусгачихна гээд сэтгэлийн тэнхээ, урам өгч ажиллавал миний хувьд хамгийн гоё байдаг.  "Хулангаас үргэлж эрч хүч авдаг" гэдэг өгүүлбэрийг өглөө бүр сонсох надад маш сайхан байдаг л даа. Энэ нь хамт ажиллагсдадаа миний өгч чадах эрч хүч юм.    Би амьдралыг зөвхөн мөнгөөр хэмждэг хүмүүсийг их гайхдаг. Хамт байгаа хүмүүстэйгээ баяр хөөртэйгээр ажлаа хийхэд нэг л мэдэхэд ажлын найман цаг дуусчихсан байдаг юм.  

  -Та Японы олон хотоор аялаа биз. Хамгийн их таалагдсан нь...                     

   -Нэг их олон газраар аялаагүй ээ. Тэгсэн хэрнээ бас аялаагүй гэж болохгүй болов уу. Ер нь хүүхдүүдээ дагуулаад л хаашаа ч хамаагүй явна шүү. Киото, Осака, Нара, Окинава зэрэг хотоор аялсан. Хамгийн их таалагдсан нь Киото, Осака.                                      

  -Тэнд амьдрахад айдас хүйдэстэй биш гэж үү?  Цунами, газар хөдлөлт гээд байгалийн гамшиг их нүүрлэдэг биз дээ?                 

  -Инээд хүрээд байдаг юм аа. Газар хөдөлж, цунами болсноос хоёр сарын дараа анх Японд очиж байлаа. Нэг хүн надад "Газар хөдөлбөл модон дээр авираарай" гэж хэлсэн юм. Тэгтэл газар ч хөдөллөө. Би ч модонд авирсан (инээв). Энэ явдлыг бодохоор өөрийн эрхгүй инээд хүрээд байдаг юм (дахин инээлээ). Харин одоо газар хөдлөөд, салхи хүчтэй шуурвал "Далайн шуурга болж байна даа. Өглөө ажилтай" гээд л унтдаг. Японы байрнууд хэр баргийн газар хөдлөлтөд нурчихгүй, маш сайн сэтгэн бодож,ард иргэдийнхээ амьдрах аюулгүй байдлыг тодорхой хэмжээгээр хангаж дэмждэгийг хэлмээр байдаг. Хүний төлөө нийгмийг хөгжүүлэхийн төлөө ядаж амьдрах байр, орчинг нь бүрдүүлж өгсөн тул хүмүүс нь байгалийн гамшигт хүртэл хөл алдаад, сандралдан гүйх хүртэл ховордсон гэж болно. Мэдээж маш хүчтэй цунами, газар хөдлөлт бүхэл бүтэн хотыг хэрхэн нураасныг та бүхэн мэдэж байгаа биз. Япончууд ажлын гүйцэтгэл маш сайтай, гар, сэтгэл нийлэн ажиллахдаа үнэхээр гаргууд сайн л даа. Тэдэнд алга ташин, баяр хүргэмээр байдаг. Хоёр дахь эх орон маань болсон Япон улсаас, эндхийн ард олноос сайн сайхныг нь суръя гэсэн бодлыг зүрх сэтгэлдээ шингээсэн.                              

-Монголчууд маань хаа сайгүй л муу нэртэй байдаг юм шиг. Гэмт хэрэгт холбогдоно, ууж иднэ гээд л...                          

 -Мэр сэр байдаг байх. Хааяа мэдээгээр гардаг юм. Би тэр хүмүүсийн талаар ярьж, ичгэвтэр байдалд оруулахаас зайлсхиймээр байна аа. Хангалттай шүүмжлүүлж, доромжлуулж, хүндхэн байгаа гэж бодож байна. Энэ нь минийхээр ажил хийж сураагүй, амар хялбар арга зам хайсны үр дүн нь өөрийгөө чимээгүй алж байна гэсэн үг. Ийм юм битгий хийгээрэй л гэж захья. Ууж идэхийн тухайд сонссон болохоос хараагүй. Гэхдээ бас давсалдаг байх гэж боддог л доо. Урмын үг зүрх дулаацуулдаг гэдэг. Тиймээс хар буруу замаар хар буруу ааш араншин гаргаж, хэрэгт битгий ороорой гэж чин сэтгэлээсээ хүсье.                                               

  -Гэмт хэрэг хэр их гардаг вэ?                                   

  -Аа яа яа яа гэмт хэрэг их гарна шүү. Сэтгэл сэртэсхийлгэм бүр "Арай ч дээ" гэж дуу алдаж шогширмоор хэргүүд их гарна.                 

-Та залуу хүн. Япон залуусыг нутаг нэгтнүүдтэйгээ харьцуулж үзэв үү?                       

    -Япон залуус их зөв харьцаатай юм шиг санагддаг, эр эмгүй шүү. Анх энд ирэхэд худлаа манжлаад байгаа юм шиг санагддаг байлаа. Уулзаад, найзлаад явахаар их үнэнч, худлаа зангүй, маскгүй. Гэхдээ дургүй байгаагаа их гоё, зөв илэрхийлчихдэг. Надад тэгж байгаагүй ч хоорондоо ярихыг нь сонссон шүү. Ер нь би их посситив хүн л дээ. Маш олон негатив дундаас ч гэсэн посситив гаргаж ирээд,  тэрнийгээ л ярина. Япон найзууд маань надтай хамт байх их дуртай. Тэр нь надад ч их таалагддаг.                       
 
 -Япончууд хэтэрхий их эрх чөлөөтэй бололтой. Бас амиа хорлолтоор дэлхийд дээгүүрт ордог юм билээ...                                  

  -Энэ талаар бодох, сонсох нь надад үнэхээр хэцүү байдаг. Социалист нийгмээс авахыг нь авч, хаяхыг нь хаяад, капиталист нийгэм рүү шилжсэн энэ орон төвлөрсөн төлөвлөгөөт нийгмийн харьцааг маш сайн хөгжүүлж чадсан, бүр хувь хүний эзэмших ёстой соёл болгож чадсан гэхэд хилсдэхгүй. Арван настай хүүхдүүдийн ямар нэг хичээл дээрээ гаргасан бүтэн сар эсвэл долоо хоногийн төлөвлөгөө нь хэдийгээр тийм айхтар биш ч гэлээ тавьсан зорилго, тэрэндээ хүрэх гэж хичээж байгаа нь миний сэтгэлийг үнэхээр булааж, дурлуулдаг. Би ч "Ямар гайхалтай юм бэ" гэж боддог.       Япончууд 20-40 насандаа хийж бүтээгээд, 40-60 насандаа тэрхүү үр жимсээ хурааж хөгжүүлэн (Хөгжиж, дэвшиж, хийж бүтээснийхээ үр дүнг улс эх орон, үр хүүхдүүддээ амсуулж амьдардаг болов уу гэж боддог. Хорвоо ертөнцийг харах миний өнцөг нэлээн өөдрөг шүү), 60-80 насандаа үнэхээрийн амар тайван өнгөрөөдөг юм байна гэж би боддог юм. Баталгаагүй, оргүй хоосон, яриагүй ийм төлөвлөгөөтэй хүмүүсийн төлөвлөгөө нурна гэдэг айдас хүйдэс байж болох юм.   Сэтгэлийн тэнхээтэй болгож, урагшаа явах, тэмүүлэх, "За яах вэ, болгоно оо" гээд зориг нэмээд өгчихвөл ч...Эдэнд хүний амь нас ямар нандин, чухал зүйл болохыг, амьд байна гэдэг ямар сайхан зүйл болохыг чанга дуугаар сэтгэлийн гүнд нь ортол хэлж өгөх юм сан.

 -Япончуудын монголчуудаас илүү болон дутуу зүйл гэвэл...                                        

 -Илүү зүйл гэвэл япончууд дээд зэргийн ёс суртахуунтай. Хэнд ч төвөг удахгүй. Сошиал ертөнц болон амьдрал дээр ч ер нь их ёс суртахуунтай.       Дутуу зүйл нь гэвэл сэтгэлийн тэнхээ л юм даа. Монголчууд маань харьцааны хувьд учир дутагдалтай ч би нутаг нэгтнүүдээ өөлж хэлмээргүй байна. Бид ямар нийгмийн бүтээгдэхүүн билээ дээ. Юутай ч бие биедээ хүндэтгэлтэй хандаж байгаасай л гэж хүсдэг.                             

   -Танай гэр бүл Японд хэр удах төлөвлөгөөтэй байна вэ?                                                   

 -Энэ талаар хэлж мэдэхгүй байна аа.                

 -Хүүхдүүд тань гэртээ монголоор ярьдаг уу? Ер нь төрөлх хэлээ хэр мэдэх вэ?                                   
   -Би хүүхдүүдтэйгээ үргэлж монголоор ярьдаг. Охин маань монголоор ярьж байгаа бүхнийг ойлгоно, бас монголоор ярина. Одоо  муудаад байгаа ч таны монголоор ярьсан бүхнийг маш сайн ойлгоно. Хүүтэйгээ ч монголоор ярьдаг.                  

-Сүүлчийн асуулт. Мэдээж эх орноо, ойр дотныхноо санадаг л байх...     
    -Тийм ээ, хязгааргүй их санаж байна аа. Ээжийнхээ хийдэг бууз, ногоотой шөл, адууны чанасан мах идээд, ээж, ах, эгч, дүү нартайгаа ширээ тойрон сууж, инээлдэн, энэ тэрийг ярьдгаа их үгүйлж байна.                          
  
-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.                                 

  Ярилцсан Ш.Эрдэнэтөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ