Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 51.9 хувь нь иргэдийнх байна

Манай улсын нийт зээлийн өрийн үлдэгдлийн 51.9 хувь нь иргэд, 46.4 хувь нь хувийн байгууллага, 1 хувь нь төрийн байгууллага, 0.7 хувь нь санхүү болон бусад байгууллагынх байна.


Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 4 дүгээр сарын эцэст 19.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 632.6 (3.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 5.2 (36.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 86.2 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 4 дүгээр сарын эцэст 996.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 27.3 (2.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 289.4 (22.5 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.4 хувийг эзэлж байгаа аж.


Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны 4 дүгээр сарын эцэст 2.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 11.2 (0.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 141.8 (7.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.4 хувийг эзэлжээ.


Арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 3 дугаар сарын эцэст 5.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 70.9 (1.2 хувь) тэрбум,  өмнөх оны мөн үеийнхээс 780 (15.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ