Цагаандэл-Уул боомтыг нээх ЗГ-ын тогтоолыг ТҮДГЭЛЗҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдөр Өмнөговь аймагт ажилласан. Энэ үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн билээ. 

Түүнчлэн энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Цагаандэл-Уул боомт байгуулах, нээх асуудлыг түр хойшлуулах шийдвэрийг гаргахаа мэдэгдсэн юм.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг түдгэлзүүлнэ гэдгээ өмнөговьчуудад амлалаа. 

Тэрбээр "Би Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын дараагийн хуралдаанаар 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар тоот тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргая. Гэхдээ энэ тогтоолыг цуцалсан гэж нөгөө талд хэлэхийг хүсэхгүй байна. Хоёр зүйл дээр зарчмын хувьд та нартай санал нэг байна. Эхлээд Гашуунсухайн болон Шивээхүрэнгийн боомтоо төмөр замаар холбох нь зүйтэй. Үр дүнг нь хамтдаа үзье. Хэдүүлээ 14 жил Гашуунсухайтаа холбож чадаагүй. Гашуунсухайтын хил, холболтын цэгийг тохирсон нь сайн асуудал. Нүүрсийг төмөр замаар холбох тусам авто замаар тээвэрлэх нүүрс одоо байх ч гэсэн яваандаа төмөр зам руугаа л шилжинэ гэсэн үг. Төмөр замаар нүүрс тээвэрлэх нь нэг талаараа байгалиа хамгаалах бодлогын нэг хэсэг юм. Та бүхэн хамтарсан Ажлын хэсэг гаргах хэрэгтэй. Хэзээ та нар ойлголцолд хүрнэ тэр цагт асуудлыг эргэж харах шийдвэрийг гаргая. Компани болон бусад удирдлагуудад нь энэ асуудлыг би зөвөөр ойлгуулж, тайлбарлана. Тэр хүмүүсийн хувьд ч гэсэн санхүүжилт зэргээ гаргачихсан, амаргүй нөхцөл байдалтай байгаа байх. Та нар хамтдаа уулз, сайн ярилц" гэсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ