Их Британид шатахууны үнэ дахин дээд амжилт тогтоолоо

    Их Британид шатахуун, дизель түлшний үнэ энэ долоо хоногийн эхээр тогтоосон дээд хэмжээнээс давж, дахин дээд амжилт тогтоожээ. Энэ талаар эл улсын Автомашинчдын холбоо RAC мэдээллээ. Ийнхүү хар тугалгагүй нэг литр шатахууны үнэ өдгөө 171,04 пенс (ойролцоогоор 2,16 доллар) болсон бол тавдугаар сард 170,35 пенс байв. Мөн 181,35 пенс байсан дизель түлшний үнэ 181,64 пенс (ойролцоогоор 2,3 доллар) болж өссөн аж.                                            
   Их Британийн Сангийн сайд Риши Сунак "2023 оны гуравдугаар сар хүртэл шатахууны татварыг литр тутамд таван пенсээр бууруулна" гэж мэдэгдсэн юм. Энэ нь шатахууны татварыг хамгийн их бууруулсан түүхэн явдал гэнэ. Харин жолооч нар үүнийг "шавин дусал" хэмээн нэрлэжээ. RAC-ын үзэж буйгаар НӨАТ-ыг түр бууруулах нь жолооч нарт туслах илүү дэвшилтэт арга болно. Учир нь шатахуун борлуулах үед татвар ногдуулдаг юм.                                                    
     ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, нефтийг нь худалдан авахаас татгалзах хүсэл эрмэлзлээс үүдэн дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөний улмаас Их Британид шатахуун, дизель түлшний үнэ дээд амжилт тогтоож буй аж. Сангийн сайд Р.Сунак тавдугаар сарын 26-нд улс орны амьжиргааны өртгийн хямрал, инфляцийн дээд амжилт тогтоосонтой холбогдуулан 15 тэрбум фунт стерлинг (18,9 тэрбум доллар)-ийн тусламжийн шинэ багц зарласан билээ. Үүнээс гадна эрх баригчид газрын тос, байгалийн хийн компаниудын илүүдэл ашгаас түр 25 хувийн татвар авч байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ