​Хорт хавдар устгадаг ‘вирус’-ийг хүнд туршиж эхэллээ

АНУ-ын хавдар судлалын “City of Hope” институтийн эрдэмтэд CF33-hNIS VAXINIA вирусийг хорт хавдраар оношлогдсон өвчтөнүүдэд туршиж эхэлсэн талаар мэдээллээ.

Эмнэлзүйн эхний үе шатны судалгаагаар хорт хавдраар оношлогдсон 100 өвчтөнд вирусийг тарьж турших аж. Амьтад дээр хийгдсэн эмнэлзүйн өмнөх судалгаагаар уг вирус нь хорт хавдрын бүдүүн гэдэс, уушги, өндгөвч, нойр булчирхай болон хөхний хорт хавдрын өсөлтийг саармагжуулж, хавдрыг агшааж буй үр дүн харуулсан байна.

Эрдэмтэд XX зууны дунд үеэс вирусийн эмчилгээ (вирүсээр зориудаар халдварлах)-ны замаар хорт хавдрыг эмчлэх судалгааг хийж эхэлсэн. Гэвч тухайн үед вирусийг инженерчлэх, хорт хавдрыг устгагч вирус гарган авах технологи хөгжөөгүй байсан тул эрдэмтэд зөвхөн байгалийн онколитик вирус олоход бүх хүчин чадлаа дайчилж байсан юм. Хэдий эрдэмтэд нэг бус вирус илрүүлсэн ч хүний биед сөргөөр нөлөөлж байсан тул судалгаа зогсонги байдалд орсон. Гэхдээ эдгээр судалгаа нь хүн төрөлхтөнд салхин цэцэг өвчнийг дарахад тусалсан байдаг.

Тэгвэл шинжлэх ухаан хөгжиж, технологийн эрин ирснээр “City of Hope” институтийн эрдэмтэд CF33-hNIS VAXINIA вирусийг хорт хавдрын эсийг устгахад зориулан бүтээсэн байна. Улмаар олон жилийн турш вирусийг инженерчлэх замаар хүний дархлааны системд илүү танигдахуйц болгож сайжруулсан аж.

Товчхондоо, уг вирус нь дархлааны системийг өдөөж, хорт хавдрын эсрэг хариу үйлдэл үзүүлэх, устгахад чиглүүлэх зарчмаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, вирус хүний дархлааны хариу үйлдлийг илүү хүчтэй ажиллуулж, хорт хавдрын эстэй тэмцэхэд дэмжлэг болдог байна.

Судалгаанд хамрагдсан 100 өвчтөн нь бүгд үсэрхийлсэн эсвэл эцсийн шатандаа орсон хүнд хэлбэрийн хорт хавдраар оношлогдсон өвчтөнүүд юм. Мөн эдгээр өвчтөнүүд өмнө нь дор хаяж хоёр өөр төрлийн хорт хавдрын эсрэг эмчилгээнд хамрагдсан бөгөөд тэдний хувьд эцсийн найдвар нь CF33-hNIS VAXINIA вирус болж байгаа аж.

Эрдэмтдийн үзэж байгаагаар вирусийг хүний биед турших судалгааны ажил 2025 оны эхээр дуусна. Хэрэв судалгаа амжилттай болсон тохиолдолд энэ нь анагаахын шинжлэх ухаанд хорт хавдрыг эмчлэх цоо шинэ ололт, арга болох юм.

Эх сурвалж: eurekalert.org

itoim.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ