Нууцлаг ХЕПАТИТЫН талаар бид юу мэдэх ёстой вэ?
Дэлхий даяар гарал үүсэл нь үл мэдэгдэх элэгний хурц хепатитын олон зуун тохиолдол илрээд байна.
Эл өвчинд хүүхдүүд өртөж байгаа бөгөөд арван хүүхэд тутмын нэгт ноцтой хүндрэл гарч байна. Эл халдварын шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа ч хэд хэдэн хувилбар бий.
Өвчин хаанаас гарав?
Энэ оны дөрөвдүгээр сарын эхээр Шотландын эрх баригчид арав хүртэлх насны хүүхдүүдийн дунд элэгний хурц хепатитын арван тохиолдол илэрсэн тухай мэдээлэв. Нарийн шалтгааныг нь эмч нар тодорхойлж чадаагүй байна. Төд удалгүй Их Британид 74 хүүхдэд мөн ижил онош тавив. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Алабама мужид 2021 оны намар элэгний хурц гэмтэлтэй 10 хүүхэд эмнэлэгт хандаж байсан нь мэдээлэл гарав. Тэд бүгд 6-аас доош насны хүүхдүүд.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, энэ сарын дунд үе гэхэд дэлхий дахинд нийт 450 тохиолдол бүртгэгдээд байна. Ихэнх тохиолдол Австри, Бельги, Их Британи, Дани, Франц, Герман, Ирланд, Итали, нидерланд, Норвег, Польш, Румын, Молдав, Испани зэрэг Европын орнуудад илэрчээ. Түүнчлэн, АНУ, Канад, Израил, Индонез, Японд мөн бүртгэгдээд байна.
Өвчтөнүүдийн талаар
Элэгний хурц хепатитаар өвчлөгсдийн ихэнх нь 10 хүртэлх насны хүүхдүүд байна. Арван хүүхэд тутмын нэгд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай. Одоогоор арван хүүхэд эндээд байна.
Бяцхан өвчтөнүүдэд бөөлжих, гэдэс базлах, гүйлгэх, усны дутагдалд орох, нүд, арьс шарлах шинж тэмдэг түгээмэл ажиглагдаж байна. Үүнээс гадна хүүхдүүдийн цусанд хэвийн хэмжээнээс өндөр элэгний фермент илэрч байгаа нь элэгний үрэвсэл эсвэл гэмтлийг илтгэж байна.
Өвчтөнүүд өөр хоорондоо холбоогүй аж.
Яагаад үл мэдэгдэх гарал үүсэлтэй хепатит гэж нэрлэсэн бэ?
Хепатитын гол шалтгаан нь вирусийн халдвар. Бусад шалтгаанд архины хэрэглээ, зарим төрлийн эм, аутоиммун өвчлөл, хорт бодист хордох зэрэг ордог байна.
Гэвч шинэ халдвар эмч нарыг мухардалд оруулжээ. Хурц хепатитыг үүсгэгч А, В, С, D болон Е вирусийн аль нь ч илрээгүй. Эмтэй холбоотой гэдэг нь ч мөн батлагдаагүй. Тухайлбал парацетамолын тунг хэтрүүлэхэд элэгний дутагдал үүсдэг байна.
Хепатит аутоиммун байх ч тохиолдолд байдаг аж. Энэ үед хүний дархлаа өөрийн эрүүл эс, энэ тохиолдолд элэгний эс рүү халдаж эхэлдэг. Гэтэл өвчтөнүүдийн цусанд үүнийг илтгэх эсрэг бие илрээгүй байна.
Ямар нэгэн хувилбар бий юу?
Одоогоор мэргэжилтнүүд аденовирусний халдвар гэсэн хувилбар дэвшүүлээд байна. Алабама мужийн 10 өвчтөний тавд нь 41-р серотип аденовирус илэрчээ. Их Британийн өвчтөнүүдийн 77 хувь аденовирусний халдвар авсан байна.
Аденовирус нь хүний амь насанд аюулгүй гэж үздэг байна. Энэ төрлийн вирус хөнгөн халдварын шинжтэй байдаг бөгөөд голдуу хамрын ханиад, хоолой өвдөх, халуурах, зарим тохиолдолд гүйлгэх эсвэл бөөлжих зэрэг шинж тэмдгээр илэрдэг.
41-р хэлбэрийн аденовирус нь дархлааны хомсдолтой хүүхдүүдийн элэгт хүндрэл үүсгэдэг талтай ч өвчтөнүүдийн алинд нь ч ийм шинж илрээгүй байна.
Коронавирусний халдвартай шууд холбоотойг илтгэх баримт илрээгүй байна. Өвчтөнүүдийн дөнгөж 18 хувь нь ковидоор өвдөж байжээ. Хөл хорио болон халдвар хамгааллын арга хэмжээ хүүхдүүдийг халдварын эсрэг дархлаагүй болгосон байх талтай гэж эмч нар таамаглаж байна.
Хепатит нь вакцины сөрөг нөлөө юу?
Коронавирусний эсрэг зарим вакциныг аденовирусийг ашиглан бүтээжээ. Тухайлбал, Oxford/AstraZeneca, Johnson&Johnson, "Спутник V". Эдгээр вакцинд үржих чадвараа алдсан, генийн өөрчлөлттэй вирус агуулагдаж буй. Үүнийг коронавирусний генийн кодыг эсэд хүргэх зорилгоор ашигладаг байна.
Гэтэл эрдэмтэд аденовирусний вакцин, үл мэдэгдэх хепатитын хоорондын холбоог илрүүлээгүй байна. Өвчтөнүүдийн ихэнх нь вакцинд хамрагдаагүй байна. Учир нь хүүхдийн вакцин хожуу гарсан ба хүүхэд болгонд хийх шаардлага байгаагүй. Үүнээс гадна вакцин бүтээхэд өөр төрлийн аденовирус ашиглажээ. Тиймээс эрдэмтэд вакцинтай холбоотой гэж үзэх магадлал туйлын бага гэж үзэж байна.
zindaa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ