Б.Жавхлан: Хөгжлийн банкны 800 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг энэ онд төлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрээр “Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн талаар танилцууллаа. Мөн цаашдаа Хөгжлийн банкны чанаргүй зээл дээр хэрхэн ажиллах тал дээр мэдээлэл хийлээ. Нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш Хөгжлийн банкны 201 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгджээ. "QSC" компаниас өнөө маргаашгүй 60 тэрбум төгрөг наэмж төлөхөө мэдэгдсэн. Тэгэхээр үндсэндээ 260 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн их үүсвэр төлөгдсөн байна. Хойтон төлөгдөх хоёр бондын асуудал байгаа учраас Засгийн газраас тус банкны асуудалд онцгой анхаарал хандуулж буй. Тухайлбал, 2023 оны 10 дугаар сарын 23-нд төлөгдөх 500 сая долларын бонд бий. Энэ нь өнөөдрийн ханшаар 1.5 их наяд орчим төгрөг байна. Мөн 12 сарын 25-нд төлөгдөх Самурай бонд байгаа. Энэ нь өнөөдрийн ханшаар 713 тэрбум төгрөг юм. Энэ хоёр бондоос бидний онцгой анхаарах ёстой нь Самурай бонд. Энэ бол Засгийн газрын баталгаатай. Хэрвээ Хөгжлийн банк энэ өрийг өөрөө төлж чадахгүй бол бүтэн дүнгээр нь Засгийн газар төлнө. Энэ хэмжээний дарамт төсөв дээр ирнэ гэсэн үг. Тиймээс ийм эрсдэлтэй тулахгүйн тулд хуримтлагдаж ирсэн чанаргүй зээлүүдийг маш яаралтай төлүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Энэ жилийн зургаадугаар сарын 30 болон 12 дугаар сарын 31 гэхэд бодитой үр дүн гаргах хэрэгтэй байна. Ингэж байж тайлан балансаа олон улсын аудитын байгууллагаар баталгаажуулна. Энэ аудитаар тайлан баланс муу гарах юм бол тус банкыг татан буулгах хэмжээнд очно. Хэрвээ чанаргүй зээлээ амжилттай барагдуулж чадвал 2023 онд Евро бондоо амжилттай дахин санхүүжилт хийж, Самурай бондоо хугацаанд нь төлж чадах боломж бүрдэх юм. Тиймээс энэ жил чанаргүй зээлүүдэд маш ихээр анхаарна. Энэ онд чанаргүй зээлийн дор хаяж 50 хувийг төлүүлэх зорилт тавьж ажиллаж байна. Хэрэв Самурай бондоо төлж чадахгүй нөхцөлд хүрвэл энэ зөвхөн Хөгжлийн банкны дампуурал биш, олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол Улсын Засгийн газрын асуудал үүснэ. Өнөө маргаашгүй 260 тэрбум төгрөгийн эх үүсвэр бий болохоор байгаа юм. Үүнийг Самурай бондыг урьдчилж төлөхөд зарцуулна. Самурай бондыг хэсэгчлээд төлж бай гэдэг чиглэлийг Засгийн газраас өгсөн. 260 орчим тэрбум гэдэг нь Самурай бондын 37 орчим хувь нь юм. Энэ жил 800 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг төлүүлнэ гэж төлөвлөсөн. Тэгэхгүй бол жилийн эцсийн баланс сайжирч гарч ирж чадахгүй. Чанаргүй зээл гурван багцтай байна. Үүнээс Төрийн өмчийн зургаан үйлдвэрийн газрын чанар нь муудсан 600-аад тэрбум төгрөгийн зээл байна. Хөгжлийн банкан дээр үүссэн байгаа Төрийн өмчийн үйлдвэрийн газруудтай холбоотой чанаргүй зээлүүдийг хэрхэн төлүүлэх вэ, төр үүн дээр ямар идэвх гаргах вэ гэдэг төлөвлөгөө шийдвэрийг дараагийн хурлаар мэдээлэх боломжтой. Төр өөрөө үүсгэсэн чанаргүй зээл дээр үүргээ биелүүлэх ёстой. Хөгжлийн банк цаашдаа маш хариуцлагатай явах ёстой. Энэ банк өөрөө бие даасан хуультай. Тиймээс ийм алдаа чанаргүй зээл гарахгүй байх ёстой. Цаашдаа зөвхөн УИХ-аас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд батлагдсан төслүүдийг л санхүүжүүлнэ. Ингэхдээ эрэмбэлнэ. Банкуудтай өрсөлдөх арилжааны зээлүүдийг Хөгжлийн банк олгохгүй" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ