Ж.Батзандан:МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ эцэст нь хүргэхээр ирлээ
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Миний бие өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яаманд судалгаа, парламентын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад эх орондоо хүрэлцэн ирлээ. Энэ хугацаанд Элчин сайд Б.Чулуунхүү, Д.Даваасүрэн нартай хамтран олон чухал асуудлыг шийдвэрлэхэд оролцлоо. Үүнд:
Австралид бүртгэлтэй Рио Тинто компанийн Дубайн гэрээтэй холбоотой үүссэн маргаан шийдвэрлэгдэж, Монгол Улс 2.3 тэрбум ам.долларын өрнөөс чөлөөлөгдөв.
Хоёрдугаарт, олон жил яригдсан монгол залууст зориулагдсан Working Holiday visa буюу Австралид ажиллангаа амрах визийн асуудал шийдэгдлээ.
Гуравт, КОВИД-ийн хүндрэлтэй хөл хорионы үеэр Австрали Улсад ажилладаг амьдардаг олон мянган иргэддээ туслах зорилгоор анх удаа МИАТ компанитай хамтран нислэг зохион байгуулж олон мянган иргэнээ эх оронд нь авчирсан.
Дөрөвт, Монгол Австрали хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд тохиолдуулан тус улсын бодлогын баримт бичгүүдэд судалгаа хийж холбогдох байгууллагуудад хүргүүлээ.
Мөн миний бие өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн загварыг судалж “Эх орноо аврах 18 хувьсгал буюу шинэ хувьсгал” номоо бичиж дуусгалаа.
МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ эцэст нь хүргэхээр, хөгжлийн шинэ бодлого хэрэгжүүлэхээр Ж.Батзандан Монголдоо эргэн ирлээ.
Хамтран ажилласан гадаад харилцааны нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүсье. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг минь хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт хүсэлтээ өгч байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ