Улаан малгайтай тэрбумтан

Олав Тон шиг тэрбумтантай Норвеги улс ямар ч үзүүлэлтээр энэ дэлхийн хамгийн баян улс гэдэгт гайхах зүйл байхгүй.
Норвегийн хамгийн баян хүмүүсийн нэгний тухай хөгжилтэй баримтууд:
1. Тэр 98 настай. Тэрээр долоо хоногийн 6 өдөр 8-10 цаг ажилладаг байна. Тэр нилээд хуучирсан Volkswagen машинаа өөрөө жолоодон ажилдаа явдаг. Тэр ажил эхлэхээс нэг цагийн өмнө оффисдоо хүрч ирэх бөгөөд ажил тарахад хамгийн сүүлд гарч явдаг. Тэрээр үйлдвэрийн ажлын явцыг л сонирхох бөгөөд мөнгөө урамшуулал болгож л авдаг.
2. 95 настайдаа гэрлэжээ. Тэрээр 35 гаруй жил хамт амьдарсан эхнэртэйгээ гэрлэжээ. Тэдний хурим Осло хотод, түүний анхны нь зочид буудал болох Бристолд болжээ. Олав өөрийнхөө өмсөх дуртай уламжлалт хослолтойгоо мөн өнөөх л улаан малгайтай байсан гэдэг. 79 настай азтай сүйт бүсгүй болох Сисель Хага нь сүйт хархүү шигээ тод шар өнгийн костюм, малгай өмссөн байлаа.
3. Олав Тон хаашаа ч явсан 30 жилийн өмнө эхнэр Сиселийнхээ түүнд зориулан нэхэж өгсөн сүлжмэл улаан малгайгаа л үргэлж өмсөж явна. Малгайных нь дотор талд нь утасных нь дугаарыг мөн " Үүнийг олсон хүн 500 крон" гэсэн бичээсийг бас хатгаж оёж өгчээ. Ерөнхийдөө бол тэр загвар өмсөгч шиг бөгөөд янз бүрийн хүзүүний ороолт, хөгжилтэй өнгийн зангиа, пиджак өмсөх дуртай ажээ.
4. Тэрбумын хөрөнгийг өөрөө дангаараа олоогүй хэмээн Олав Тон маргадаг. Түүнд түүний үйлдвэрийн салбаруудад үнэнч шударгаар ажилладаг ажилчин, албан хаагчид нь л ийм болоход нь тусалсан гэдэг. Тийм ч учраас 70 гаруй хувийн орлогын татвар төлж байгаагаа шударга, зөв зүйл хэмээн үздэг. "Намайг ийм болгосон эх орон, ард түмэндээ би өртэй."
5. Түүнд худалдах, худалдан авах сонирхол байдаггүй. Тэрээр: "Хэрэв томхон хүрээний юм хийж чадах юм бол сохор зоос олоод яах юм" гэдэг. Тэр ямар нэгэн үйлдвэр худалдаж авбал түүнийгээ шинэчилж, үйлдвэрлэлээ сэргээж, ашигтай болгодог. Тухайлбал, сүүлийн 5 жилийн хугацаанд тэрээр 20 мянга гаруй ажлын байр шинээр бий болгосон нь жижиг Норвегийн хувьд энэ нь чухал ач холбогдолтой зүйл байлаа.
6. Түүнд ямар ч дээд боловсрол байхгүй. Олав Тон ах эгч нарынхаа хамт "Тhon" фермд өсжээ. Тэрээр анагаахын чиглэлээр суралцах хүсэлтэй байсан ч дэлхийн 2-р дайн эхлэхэд эцэг эх нь түүнийг гадаад руу явуулахыг хүссэнгүй. Үүнийхээ оронд харин тэр гэрийнхээ аж ахуй болоод фирмийнхээ ажлыг хариуцан ажиллах болжээ. Түүний 600 норвег кроноор зарсан хоёр улаан үнэгний арьс нь түүний гарааны бизнесийн гол хөрөнгө мөнгийг нь бүрдүүлж, одоо Olav Thon группын үндсэн гол лого нь болжээ.
7. Олаф хуучны аялгаар буюу тосгоныхоо аялгаар ярьж дасжээ. Энэ нь одоо нэгэнтээ бүр хуучирч хэрэглэгдэхээ больсон нарийн төвөгтэй бүтэц бүхий дүрмийн хэлбэрээр яригддаг аялага юм. Одоогийн 20-д насны олонх Норвегичууд нь түүний энэхүү ярьдаг хэлний аялагын үйл үгийн хэлбэрийг хэзээ ч ер сонсож байгаагүй ажээ. Гэхдээ л 90 жилийн өмнө Халлингдалийн хөндийн төрөлх Оль тосгоныхон нь өөр хоорондоо ингэж л хэлж ярилцдаг байжээ.
8. Олав Тон бүх хөрөнгөө (ойролцоогоор 6 тэрбум доллар) буяны үйлст, тухайлбал анагаах ухааны судалгааг санхүүжүүлэхэд зориулахаар шийджээ. Тэрээр мөнгөө аливаа нэг ашигтай зүйлд зарцуулах нь дээр хэмээн үзсэн байна. Одоо тэр энэ амьдралынхаа насан дээр буяны сан байгуулж, түүндээ өөрийн мөнгө хөрөнгөө шилжүүлжээ. Буяны сангийн мөнгө хөрөнгийг хаашаа, хэдий хэмжээний мөнгө зарцуулахыг нь мэдэж шийддэг долоон хүн өөртөө нь хамт ажилладаг юм.
6-р сарын 29-нд Олав Тон 99 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх болно!
Эх сурвалж: businessfm
SS BY 3.0 Орчуулсан Норзонгийн Энхбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ