Н.Тэмүүлэнгийн аав Н.Батзул: Одоогоор 300 гаруй сая төгрөг цугларсан байна, энэ эрчээ алдалгүй туслаарай

"Цусны цагаан эсийн хорт хавдар” туссан зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн гэр бүлийнхэн өчигдөр /2022.04.28/ мэдээлэл хийж нийт Монголчуудаасаа тусламж хүссэн. Хүүгийн хувьд 2019 оноос хойш цусны цагаан эсийн хорт хавдар гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан боловч хорт хавдар нь дахилт өгсөн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болжээ. Ингэхдээ тус хагалгааг нь Монголд хийх боломжгүй. Турк улсад хийлгэхэд 520 сая төгрөгийн өртөгтэй аж. Түүнчлэн хүүгийн донор нь хоёр настай охин дүү нь болохоор шинжилгээгээ өгөөд байгаа юм.

Б.Тэмүүлэн хүүгийн эмчилгээний хандивын аян хоёрдох өдрөө Төв талбайд үргэлжилж байна. Хүүгийн аав Н.Батзултай ярилцлаа.

- Өчигдөр мэдээлэл хийснээс хойш хэчнээн төгрөгийн хандив цугласан бэ?

-Өчигдөр талбайд мэдээлэл хийхээр ирэхэд миний дансанд 30 орчим сая төгрөг байсан. Ховдод байгаа хашаа байшингаа 70 сая төгрөгөөр зарахаар бэлдчихсэн. Тэгэхээр 100 орчим сая төгрөг болно гэсэн үг. Харин өчигдөр мэдээлэл хийснээс хойш 24 цагийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 300 сая төгрөг цуглараад байна. Дахиад жоохон хичээвэл ямар ч асуудалгүй яваад ирэхээр болж байна. Миний бодсоноор 3-4 хоног талбайд байна гэж тооцоолсон. Буян буцаж ирэхдээ бороо шиг цутгадаг юм байна. Монголчууд минь энэ эрчээ битгий алдаарай. Зөвхөн манай гэр бүл гэлтгүй ийм зовлонтой бүх хүмүүст боломжоороо туслаарай.

Өчигдрийн хувьд бидний хүлээлтийг хэд дахин давсан зүйл боллоо.

Манай гэр бүлийн хувьд 2019 оноос хойш хавдартай тэмцэж байгаа. Галын дунд байгаа учир бусад хавдартай хүмүүсийн зовлонг ойлгодог. Тийм ч учраас тусламж хүссэн хүмүүсийн мэдээг зүгээр өнгөрөөж байгаагүй. Байгаа боломжоороо мөнгө шилжүүлж, туслахыг хичээдэг. Энэ бүх хийсэн өчүүхэн буян минь одоо бороо мэт цутгалаа. Нийт Монголчууддаа маш их баярлалаа. Та бүхнийхээ энэ их хайр энэрлийг алдалгүй хүүгээ эмчлүүлээд элэг бүтэн эргэж ирэх болно.

-Турк улс руу хэзээ нисэх вэ. Нислэгийн тов гарсан уу?

-Хамгийн эхний нислэгээр ойрын хугацаанд явахаар төлөвлөөд байна. Эмчилгээний зардал бүрдэх нь тодорхой болсон. Эхнээсээ гадаад паспорт, бичиг баримтуудаа цэгцэлж байна. Эхний удаад эхнэр бид хоёрын нэг нь хүүгээ Турк улс руу авч яваад эмчилгээгээ эхэлж байх бодолтой байна. Туслахыг хүссэн, тусалсан маш олон хүн байна. Олон зурвас, дуудлагад төөрдөг юм байна.

Урьд шөнө 01.00 цагаас үүрийн 04.00 цаг хүртэл зурвас илгээсэн бүх хүндээ хариу өгөхийг хичээсэн. Хариу очоогүй хүн байхгүй гэж бодож байна. Хоёр цаг унтаад өглөө босоход үнэхээр сайхан амарсан байсан. Өглөөний нар итгэл дүүрэн мандаж байгаагаа харах гоё байсан.

Монголд эмчийн хяналтад байгаа хэдий ч үндсэн оношийн дагуу хийх эмчилгээ байхгүй. Цус алдахаас сэргийлэх зэрэг эмчилгээнүүд хийж байгаа. Монголчуудынхаа дэмжлэгээр эмчилгээний зардлын дийлэнх хувийг бүрдүүлээд байгаа учир цаг хугацаа алдахгүй явах болно.

Ирэх тавдугаар сарын 4,5-нд явах төлөвлөгөөтэй байгаа хэдий ч нислэгийн суудал дүүрсэн байна. Тиймээс эдгээр өдрүүдэд нисэхээр төлөвлөсөн нэн яаралтай ажилгүй Монгол хүн үзэж байж магадгүй. Буруу хэлсэн бол уучлаарай. Гэхдээ ийм хүн байж магадгүй гэж бодоод хэллээ. Хэрэв байвал бидэнтэй холбогдоорой гэж хүсэж байна.

-Хандивын аян үр дүнтэй байгаа талаар хүүхдүүддээ хэлсэн үү. Хэрхэн хүлээж авч байна вэ?

-Хүүдээ энэ талаар хэлсэн. Өглөө Тэмүүлэнтэй утсаар ярихад намайг эмнэлэгт ирэхийг хүссэн. Тэгэхэд нь хүүдээ ойлгуулсан. Турк явах зардал нь бүрдэж байгаа. Тиймээс аав нь онгоцны тасалбараа захиалчихаад орой очно гэхэд хүү маань ойлгоод "Тэгвэл орой тоглох машин аваад ирээрэй, хүлээж байя" гэсэн.

-Туркт очоод эмчилгээ хийлгэх үү. Шууд хагалгаанд орох уу ?

-Чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхийн тулд заавал 1-3 сарын хугацаанд химийн эмчилгээ хийлгэдэг. Үүний дараа чөмөг шилжүүлэн суулгах үндсэн хагалгаагаа хийлгэнэ.


UBN.MN

СЭТГЭГДЭЛ БИЧИХ