О.Батхүү: Банкууд иргэдээс зээл судалсны шимтгэл авч байгаа нь хууль бус
Хуульч О.Батхүү Арилжааны банкууд зээл судалсны шимтгэл нэг хувийг иргэдээс авч байгаа нь хууль бус талаар Монголбанкинд шаардлага хүргүүлж байна.
Хуульч О.Батхүү “Арилжааны банкууд зээл олгоно гэдэг нь өөрсдийнх нь үндсэн үйл ажиллагаа. Уг үйл ажиллагааг хийснийхээ төлөө гэрээний нөгөө талаас 1 хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус. Үүнтэй холбогдуулаад шүүхээр явсан. Улмаар гурван шатны шүүхийн шийдвэр гарч, арилжааны банкууд хууль зөрчсөн гэдгийг тогтоосон. Гэтэл арилжааны банкууд журмаа хэвийн үргэлжлүүлж байна.
Өнөөдөр яагаад Монголбанкид хандаж байна вэ гэхээр Монголбанкны тухай хуулийн 5 дугаар зүйлд Монголбанк нь арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Мөн банкуудаар үйлчлүүлж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Арилжааны банкууд нэг хувийн шимтгэл авах үндэслэлээ төв банкны ерөнхийлөгчийн 2018 оны долдугаар сарын 19-ний өдрийн 203 журмын дагуу үндэслэлтэй гэж үзэж байгаа. Миний хувьд үүнийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Банк зөвхөн хуульд заасан үйл ажиллагаа явуулах ёстой. Холбогдох хуулийг аваад үзэхээр шимтгэл авч болно гэж заасан хууль ерөөс байхгүй. Хуульд шимтгэл авч болно гэсэн заалт байхгүй байхад Монголбанкны Ерөнхийлөгч журам гаргасан. Тухайн журмыг нь үндэслэн арилжааны банкууд шимтгэл авч байна. Банк үйл ажиллагааны зардлаа иргэдээс авч болохгүй” гэж мэдээллээ.
updown.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ