Халдашгүй байдлын дэд хороогоор дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн. 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн буюу Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татагджээ. Тэдний хамаарал бүхий “Вертекс майнинг партнерс” ХХК Хөгжлийн банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл авсан талаар тус банкнаас мэдээлж байв.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн тухайд 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн Банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн Хөгжлийн Банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон үндэслэлээр яллагдагчаар татагдсан юм.

Ё.Баатарбилэг гишүүний тухайд хахууль авсан гэх хэрэгт холбогджээ. Тэрээр Хөгжлийн банкнаас зээл аваад өдгөө чанаргүй зээлдэгчийн тоонд ороод буй НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгээс их хэмжээний хахууль авсан нөхцөл байдал тогтоогдсон учир түүнийг яллагдагчаар татсан байна. Тэрээр энэ тухай тайлбар хэлэхдээ "УИХ-ын даргад прокуророос бичиг ирсэн гэж сонссон. Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгаж байгаа юм байна гэж ойлгосон. Өнгөрсөн долоо хоногт АТГ-т очиж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Эхний ээлжинд мэдүүлгээ өчигдөр АТГ-т хүргүүлсэн. Мөрдөн байцаах ажиллагаанд нь саад учруулж байгаа юм байхгүй. НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг бид хоёр найзууд. Олон жил найзалж байна. 2017 онд Хөгжлийн банкнаас зээл авсан юм билээ. Зээл авахад нь би оролцсон, нөлөөлсөн зүйл байхгүй. Тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлагуудыг ч би танихгүй. Ийм асуудал үүссэнд харамсаж байна. Хууль хяналтын байгууллага энэ асуудлыг хуулийнх нь дагуу шийдээд явах байх. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ