4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг УИХ-ын даргад иржээ

Нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д өргөн барихаар болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна.

Ингэснээр хуулийн дагуу тус асуудлыг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэх юм байна. Ингэхдээ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцох аж.

Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгахаар түдгэлзүүлэх санал гаргаж буй бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлигатай холбоотой асуудлаар шалгагдахаар болсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ