НДШ-ийн 50%-ийг буцаан олгоход 150 тэрбум төгрөг төсөвлөжээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 10 хууль, 4 тогтоолын төслийг хэлэлцлээ.

Байнгын хорооны гишүүд хэлэлцүүлгийн үеэр саналаа хэллээ. Тухайлбал, Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төсөлтэй холбогдуулан халамжийг оновчтой болгох, халамжаас хөдөлмөр лүү шилжих реформыг хариуцлагатай яаралтай эхлүүлэх, салбарын яамны зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн бодлогын өөрчлөлт гарган ажиллахгүй байгааг, нийгмийн даатгалын реформыг өнөөдөр л хийхгүй бол залуусын ирээдүй баталгаагүй болохыг мэдсээр байж чимээгүй сууж болохгүй гэх зэргээр гишүүд анхаарууллаа.

Мөн гишүүдийн зүгээс зарим нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгоход хэчнээн хүн хамрагдахыг  лавлахад, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “2021 оны IV улирлын байдлаар Монгол Улсын ажиллах хүчний тоо 1.2 сая бөгөөд үүний 72.7 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан. Хуулийн төслийн хүрээнд 1 сая төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоор нь хязгаарлавал нийт даатгуулагчийн 70 хувь нь хамрагдах бөгөөд даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгоход 150 тэрбум төгрөгийг төсөвлөсөн,  улсын төсвөөс буцаалтыг хийнэ” гэсэн хариулт өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ