Тогтвортой, ногоон санхүүжилтийг дэмжиж, ногоон зээлийн нийт зээлд эзлэх хувийг 10 хувь болгоно

Монголбанкны удирдлагууд энэ сарын 29-30-ны өдрүүдэд “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-нд хамтран зохион байгуулагчаар оролцож, хэлэлцүүлгүүдэд илтгэл тавьжээ.

Энэ үеэр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд хамтран “Ногоон санхүүжилтийн үндэсний замын зураг”-ийг баталсан юм. Төрийн холбогдох байгууллагууд цаашид хамтран үндсэн 6 бүлэг, 25 дэд арга хэмжээг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд ногоон зээлийн багцын нийт зээлд эзлэх хувийг 10 хувьд хүргэнэ.

Мөн хүлэмжийн хийг 22 хувиар бууруулах боломжийг бүрдүүлэх юм. “Тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд Монголбанк манлайлан дараах ажлуудыг хийх юм. Үүнд:

● Ногоон, тогтвортой хөгжлийн таксономитой нийцүүлэн зээлийн мэдээллийг авах, салбарын түвшинд нэгтгэсэн статистик гаргах, олон нийтэд мэдээлэх, мэдээллийг илүү боловсронгуй болгох;

● Ногоон эх үүсвэр татах, ногоон төслүүдэд олгох зээлийг нэмэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор своп хэлцэл, бусад хэрэгслээр таатай орчин бүрдүүлэх боломжийг судалж, шийдвэрлэх;

● Уур амьсгалын өөрчлөлт, түүний санхүүгийн зах зээл, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, ногоон, тогтвортой санхүүжилт, түүний үр нөлөөний талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, судалгаа, шинжилгээг хөгжүүлэх чиглэлд олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтрах;

● Санхүүгийн байгууллагуудын тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийг хянах хяналт, үнэлгээний тогтолцоо бий болгох;

● Уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй холбоотой үүсэж болох эрсдэлүүдийн санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөллийн стресс тест, хувилбар шинжилгээний аргачлалууд хөгжүүлж, тогтмол давтамжтайгаар хийх;

● Төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөлтэй хөтөлбөрүүдэд ногоон салбар, төслийг дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй байх зэрэг тусгай нөхцөлийг мөрдүүлэх зэрэг болно.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ