​Н.Тавинбэх: Цахилгааны үнийг нэмэхээс өөр гарц алга

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар танилцууллаа. Энэ үеэр эрчим хүчний сайд Н.Тавинбэх Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц болон цахилгаан автомашины хэрэглээг дэмжих шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Засгийн газрын ээлжит хуралдаанаар цахилгаан автомашины хэрэглээг дэмжих, үүнтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 492  цахилгаан автомашин байна. Зам тээврийн яамнаас авсан тоон мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 1.2 сая автомашин байна. Үүний 662 мянга нь Улаанбаатар хотод байгаа юм. Энэ тоотой харьцуулбал 492 цахилгаан автомашин гэдэг маш бага тоо. Иймд Засгийн газраас цахилгаан автомашиныг тоог нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээг авах шаардлагатай байгааг дүгнэлээ.

Эрчим хүчний салбарын хувьд үйлдвэрлэлээс хэрэглээ давсан оргил ачааллын цаг үед байна. Цаашид хэрэглээ нэмэгдэх нь хүндрэл үүсгэнэ. Гэхдээ бидний хийсэн тооцоо судалгаагаар Улаанбаатар хотод хэрэглэж байгаа автомашины 20-30 хувьд нь цахилгаан автомашин нэвтрэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 15-20 мВт-аар нэмэгдэх юм. Энэ хэрэглээг оргил ачааллын цагаас бусад цагт зохицуулах боломжтой талаар тооцоо судалгааг гарсан. Цахилгаан автомашиныг цэнэглэх найман станц бий. Энд 300-1000 төгрөгөөр нэг кВт цаг цахилгаан эрчим хүч борлуулж байна. Цахилгаан автомашиныг 300 төгрөгөөр нэг кВт цаг цахилгаан эрчим  хүчээр цэнэглэхэд 100 км-т 5850 төгрөгийг зарцуулах тооцоотой. Харин 1000 төгрөгөөр нэг кВт цаг цэнэглэвэл 100 км-т 16000 төгрөг зарцуулж байна. Энэ нь 7-8 литр бензин зарцуулж байгаатай адил гэсэн үг юм.

Мөн өнөөдөр Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын талаарх асуудлыг танилцууллаа. Барилга угсралтын ажлыг эхлэхээр бүх бэлтгэл ажил хангагдсан. Ганц хүндрэлтэй асуудал бол орон нутгийн иргэд юм. Шинээр баригдах станцын газарт одоогоор ажиллаж амьдардаг газар тариалан эрхэлдэг 270 өрх бий. Эдгээр иргэдэд зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээ хийж, нөхөн олговор олгож байгаа. Засгийн газар мөн нөхөн олговрыг нь нэмэх талаар ярилцаж байна. Биет бус соёл, биет бус нөлөөллийг үнэлэх талаар эрчим хүчний яаманд тодорхой санал боловсруулсан. Ирэх Засгийн газрын хуралдаанаар саналыг танилцуулж шийдвэрийг эцэслэн гаргана. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэгцээг хангах ногоон эх үүсвэр манай салбарт дутагдаж байна. Иймд энэ эх үүсвэрээ бид заавал барих ёстой. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс Монгол Улсын эрчим хүчний онцлогт тохирох эх үүсвэр бол усан цахилгаан станц юм. Яг одоогийн нөхцөлд манайд ийм томоохон станц алга. Иймд цаашдаа усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх тал дээр онцгой анхаарах шаардлагатай байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг төрөөс хариуцаж байгаа. Энэ төлбөр жилээс жилд ихсэж байгаа. Гэр хороололд амьдардаг олон айл халаалтаа цахилгаанаар шийдэж байгаатай холбоотой юм. Төсвийн төлөвлөгөөнд тусгасан хэмжээнээсээ гүйцэтгэл давж байгаагаас болоод өр авлага үүсч байгаа нь үнэн. Гэхдээ энэ үнийг дараа жилийн төсөвт суулгаж барагдуулна" гэлээ.

Дараа нь асуултад хариулав. 

Тавантолгойн цахилгаан станцыг барих тендер юу болж байна вэ?

-Барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчийг шалгаруулах тендер цар тахалтай холбоотой нөхцөл байдлаас хоёр удаа сунгагдсан. Гаднын компаниуд оролцох хүсэлтээ өгсөн. Харин дөрөвдүгээр сарын 1-нд тендерийг дахин зарлана. Өнөөдрийн байдлаар зургаан оролцогч тендерийн материалаа худалдан авсан байна. БНХАУ-ын таван компани, ОХУ-ын нэг компани байна.Тендер нээсний дараа үнэлгээний ажил багагүй хугацаанд үргэлжилнэ. Бидний зорилго хүсэлт нийцсэн тендерийн материал ирнэ гэдэгт найдаж байна. 

-Цаашдаа цахилгааны үнэ тарифыг нэмэх асуудал яригдах уу?

-Өнөөдөр эрчим хүчний салбар маш хүнд байдалд байна. Өнөөгийн тарифаар эрчим хүчний салбар хэвийн үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн боломжгүй болж байгаа. Ялангуяа цар тахал болон дайнаас шалтгаалсан үнийн өсөлтөд хамгийн хүчтэй нөлөөллийг авч байна. Алдагдал улам өсч байгаа учраас цахилгааны үнийг нэмэхээс өөр гарцгүй. 2019 онд 78, 2020 онд 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Эх үүсвэргүй их хэмжээний өглөг, авлага өссөөр л байна. Судалгаагаар одоо байгаа цахилгаан дулааны хэрэглэгчийн үнийг дор хаяж 28 хувиар нэмэх шаардлагатай гэсэн тооцоолол гарсан. Хэрвээ цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй бол эрчим хүчний салбар маш хүнд байдалд орно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ