АНУ: Хятадын албан тушаалтнуудыг өөрийн улсад зорчихыг хориглов
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засгийн газар цөөнхийн эрх ашгийг хэлмэгдүүлсэн гэх үндэслэлээр Хятадын албаныхныг өөрийн улсад зорчихыг хориглолоо. Тус албан тушаалтнууд нь шашин шүтэх эрх чөлөөг дарангуйлсан хэлмэгдүүлэлтэд гар бие оролцсон гэж үзэж буйгаа АНУ-ын Төрийн департмент өчигдөр /2022.03.21/ зарлав.
Одоогийн байдлаар яг ямар албан тушаалтнууд хоригт хамрагдсан нь тодорхойгүй байна. Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдэхдээ, "Шашны зүтгэлтнүүд, үндэстний цөөнхийн гишүүд, эсэргүү үзэлтнүүдийг хэлмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хариуцаж, үүнд оролцсон гэж үзэж буй Хятадын албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авч байна" гэжээ.
АНУ нь анх ерөнхийлөгч Дональд Трампийн үед Хятадад визний хязгаарлалт тавьж байсан. Тухайн үед Шинжаан Уйгар лалын шашинтнууд, Хонгконг дахь ардчиллыг дэмжигчид, Түвэд дэх эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг хэлмэгдүүлсэнтэй холбоотойгоор хориг арга хэмжээ авч байжээ.
Орос, Украины дайны улмаас АНУ-Хятадын хоорондын харилцаа хурцдаж буй энэ цаг үед Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ярилцсанаас хэдхэн хоногийн дараа ийнхүү Төрийн департамент хориг арга хэмжээ авлаа. Үүний зэрэгцээ, АНУ-ын Хууль зүйн яам өнгөрсөн долоо хоногт Хятадын таван иргэнийг тагнуул хийсэн гэх үндэслэлээр буруутгаж буйгаа зарласан.
Эх сурвалж: ALJAZEERA
news.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ