Э.Бат-Үүл шоронд өлсгөлөн зарлажээ
Хотын дарга асан Э.Бат-Үүл 409 дүгээр хорих ангид өлсгөлөн зарлажээ. Түүнийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр дөрвөн жилийн хугацаатай хорих ял оногдуулсан. Тэрбээр Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ гаргаад буй юм.
Энэ талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдуламаас хэлэхдээ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон бусад хуулиар энэ эрхийг хязгаарласан ямар ч заалт байхгүй. Тийм учраас Э.Бат-Үүлийн зүгээс прокурорын байгууллага хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргээ биелүүлж, биечлэн уулзах хүсэлтийг гаргасан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй, үл тоомсорлосон байдалтай уулзахгүй байна. Тэрбээр эрхээ сэргээлгэхээр тэмцлийн хурц тэмцэлд шилжин, өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн.
Миний хувьд өчигдөр 409 дүгээр хорих ангид очиж, Э.Бат-Үүлтэй уулзсан. Хорих ангийн удирдлага, прокурорын байгууллагаас шаардлагад хариу өгөөгүй байсан. Мэдээж өмгөөлөгчийн зүгээс энэ хүний биеийн эрүүл мэндэд санаа зовж байна. Хорих ангийн нөхцөл байдалд өлсгөлөн зарлана гэдэг бол маш том эрсдэл. Ямар ч байсан прокурорын шийдвэрийг харж байгаа. Өөрөө надад санаа зовох зүйлгүй, бидэнд өөр аргагүй байна гэдгээ хэлж буй. Э.Бат-Үүлийн хувьд Монголыг дахин Москвагаас удирдахыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй гэдэг байр суурьтай байгаа. Украин улсыг өмөөрч бичсэний төлөө прокурорын байгууллагаас хяналт тавьж, Улсын ерөнхий прокурорын даалгавраар энэ бүхнийг хийж байгаа гэж хардаж байгаа. Тиймээс ардчилал эрх чөлөөнийхөө төлөө өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн" гэдгийг хэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ