Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэн өдөр


1981 оны 03-р сарын 22- ны өдрийн 22.40 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансар руу хөөрч, 3 дугаар сарын 30-нд 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай буусан түүхтэй.
Монгол хүн сансарт нисэх ажиллагаа 1977 оны 3 сараас нисгэгчдийг сонгон шалгаруулж эхэлжээ. Сансрын баг бүрдүүлэх гэж 10,000 хүний материал судлан шүүж, 1 хүнийг буюу Сүрэнхорлоог, 2 дахь шалгаруулалтаас Гүррагчаа, Сайнцог, Ганзориг гэсэн залуус шалгарч /3 нь цэргийн, нэг нь энгийн иргэн/ бүх төрлийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, Москвад очсон хойно ч ачаалалтай шинжилгээ гэж хийсэн. Хүнд ачаалал өгөхөд бие организм яаж хүлээн авч байна вэ гэдгийг тандан судалж байгаа юм. Центрифуги гээд хүчтэй эргүүлдэг юманд суулгаад гаргаж ирэхээр нь шинжилгээ авна. 3 жилийн хугацаанд эхлээд онолоо үзэж судална, биеийн тамирын дасгал сургуулилтыг ачаалалтай хийнэ. Бас бусад салбарын талаар, сансарт турших хөтөлбөрүүдээ судалж мэдэх гээд олон ажил байсан. Үүний хажуугаар жингүйдлийн орчинд дасгах дасгал сургуулилтыг өдөр бүр хийгддэг байлаа.
Шалгараад явсан 4 залуу дөрвүүлээ л бүх сорилтуудыг давсан. Даанч нэг л хүн нисэх учраас хасаж таарна. Тэгээд Сайнцог, Сүрэнхорлоо хоёрыг хасаад Ганзориг, Гүррагчаа хоёрыг үлдээгээд бэлтгэл хийсэн энэ хугацаанд Ганзориг, Гүррагчаа хоёр Монголд 3 удаа ирж байсан. Дасгал сургуулилт хийх хугацаандаа онгоцоор эх орныхоо дээгүүр олон удаа нисэж судалгаа туршилт хийж байсан. Тухайлбал, газрын гадаргууг ижил төвшнөөс зургийг нь авах, онгоцоор авах, сансраас авахад ямар өөрчлөлт гарч байгааг, юуг олж мэдэж болохоор байгааг харьцуулан судалсан. Монгол улсын газар тариалангийн талбайн газар зүйн зураглал хийхэд болон тэдгээрийн бүтээмжийг урьдчилан тогтооход чухал ач холбогдолтой болсон байна. Мөн анх удаа Монгол улсын нутаг дэвсгэрийн цэнгэг усны нөөцийг данслах зорилгоор Монголын уулархаг нутгийн мөсжилтийн зургийг авч, судалгаа явуулсан байдаг.
Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн 3 чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхийг тавьжээ. Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, ХАА, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг олон салбарт ашиглаж байна.
Энэхүү түүхэн үйл явдлыг эргэн дурсаж нислэгийн багийнхан сансарт ниссэн эхний /1981.03.23/ өдрөөс эх дэлхийдээ бууж ирэх /1981.03.30/ өдөр хүртлээ ямар туршилт судалгаа хийж байсан тэмдэглэлээс харвал:
1981 оны 3-р сарын 23. Даваа гараг. Нислэгийн хамгийн хариуцлагатай өдөр. Сансрын станцтай холбоо тогтоож, автомат систем ажиллах зонд орох, ойртож очиж залгалт хийж, станцын бүхээгт шилжиж орох. Энэ л ажиллагаануудын биелэлтээс нислэгийн хувь заяа шийдвэрлэгдэх учраас манай хоёр багийн болоод, Нислэгийн удирдах төвийн анхаарал үүнд чиглэж байна.
Урьдчилан хийсэн хоёр маневр болон ойртох маневрын үр дүнд хөлөг, станцын холбооны зонд орлоо. ЗХУ-ын нутагт дэвсгэрт байрлах холбоо хангамжийн хэрэглэлүүдийн удирдлагын зонд сансрын хөлөг, станц байрлах тэр хугацаанд Салют-6 станцтай холбох залгалтыг хийж гүйцэтгэлээ. Салют станцын болоод Союз хөлгийн холбоо, удирдлага залгалтын системүүд амжилттай сайн ажиллалаа. Залгалт гүйцэтгэсний дараа хөлөг-станцын холбогдсон хэсгийн битүү байдлыг дахин шалгаж хөлгийнхөө амралтын тасалгаанд шилжиж скафандраа тайлж ажлын хувцасаа өмсч, норж хөлөрсөн скафандраа хатаах төхөөрөмжид залгаж хатаалаа. Хөлөг, станцын аль аль талаас нь битүү байдал хангагдсныг болон хөлөг, станцын бүхээгийн даралт ижил болсныг газрын удирдлагын хамт шалган тогтоосны дараа ЦУП-ын /центр управления полётами/ командаар хөлөг, станцын нээлхийнүүдийг онгойлгож Салют-6 станцын бүхээгт шилжиж орлоо. Бидний уулзалтыг газар дэлхийд дамжуулахын тулд станцын ТВ төхөөрөмжүүдийг тохируулан зоож бэлэн болгожээ.
Бид хоёр өөрсдийн бэлэг жижиг хивс, хоёр орны төрийн далбаагаа намируулсаар орлоо. Би түрүүлж орлоо. Үндсэн багийн дарга Владимир Васильевич Коваленок угтан тэвэрч аваад, огцом түргэн хөдөлгөөн аль болох битгий хийгээрэй гэж захиж угтлаа. Виктор Петрович Савиных их л баярлаж догдолсон сэтгэлээр угтлаа. Хөлгийн дарга миний араас хивс далбаагаа барьсаар хөвж орж ирлээ. 11 хоногийн өмнө сансрын Байконур буудлаас үдэж явуулсан хоёр найзтайгаа сансрын тойрог замд олж очиж уулзана гэдэг үнэхээр баяртай байлгүй яахав дээ. Зөвхөн бид дөрөв баярлаад зогсохгүй манай элэг нэгт Монголчууд, сансрын гараанд биднийг бэлтгэсэн зөвлөлт нөхөд бүгд л баярын инээмсэглэл тодруулсаар энэ уулзалтыг хүлээж авсан байх аа. Үүний дараа албан ёсны телевизийн уулзалт, ярилцлага нэвтрүүлэг зохион байгууллаа.
Манай хоёр орны нам төрийн удирдагчид Л.И.Брежнев, Юмжаагийн Цэдэнбал нар сансрын судалгааны ажил амжилттай эхэлсэнд баяр хүргэлээ.
Манай хоёр баярын ширээ зассан байна. Бие биедээ баяр хүргэж бидний сансрын уудамд явуулах шинжилгээ судалгааны ажил эхэллээ. Сансрын хөлгөөр авч ирсэн ачаануудыг станц руу зөөж байрлуулан, Союз-39 хөлөгт консерваци хийснээр энэ өдрийнхөө ажлыг өндөрлөв... гэжээ.
Владимир Александрович Жанибеков хөлгийн ахмадаар, харин Жүгдэрдэмидийн Гүррагчаа туслах сансрын нисгэгчээр нисчээ. Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь Монгол улсаас сансарт ниссэн анхны, Азийн хоёрдахь сансрын нисгэгч юм. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 188 цаг 42 минут буюу 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Ж.Гүррагчаа Сансарт ниссэн дэлхийн 101 дэх хүн билээ.

May be an image of 3 people

May be an image of 5 people, people standing and military uniform
May be an image of 7 people, people sitting and people standing

СЭТГЭГДЭЛ БИЧИХ