Н.Тавинбэх: Манай салбарт аваарын горим ассан, 2022-2023 оны өвөл хязгаарлалт хийнэ

“Монголын эдийн засгийн чуулган - 2022” -ын дэд хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. Эдийн засгийн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлж буй шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулж, хэлэлцүүлэх юм. Дэд хэлэлцүүлэг Эрчим хүчний сэргэлтийн бодлогоор эхлэв. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Эрчим хүчний салбарт 22 шинэ төсөл төлөвлөсөн байна.

Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, төр хувийн хэвшлийн түншлийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Сангийн сайд сайд Б.Мөнгөнчимэг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Монгол Улс дахь Германы сэргээн босголт, зээлийн банкны суурин төлөөлөгч Михайль Сүмсер нар оролцлоо. Оролцогчид төслийн санхүүжилтийг шийдвэрлэхэд ямар гарц байгаа талаар байр сууриа илэрхийлэв.

Өнөөдрийн нөхцөлд бид дампуурчихгүй байх нь чухал байна

-УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Нөхцөл байдал таагүй болж байгааг тооцох хэрэгтэй. Дайны нөхцөл байдал хүндэрч, экспорт явахгүй, манай улсын валютын нөөц нэмэгдэхгүй байна. Тиймээс эрчим хүчний салбарт хэрэгжих 22 төслийг ач холбогдлоор нь эрэмбэлж, хамгийн бүтэх боломжтойг нь хэрэгжүүлэх горимын санал тавьж байна. Магадгүй эдгээр төслөөс Тавантолгой төсөл ашигтай байх. Өнөөдөр манай улсын эрчим хүч, дулааны хэрэглээ 100 хувь давсан байна. Эхний ээлжинд “ТЭЦ-3”-ын өргөтгөлөө хийх хэрэгтэй. Урд нь санхүүжилт нь шийдэгдсэн Дорнодын цахилгаан станц зэрэг төслүүдээ явуулж, бусад төслүүдийг түр царцаах хэрэгтэй.

Аливаа улсын номер нэг асуудал бол эдийн засгийн тусгаар тогтнолоо хадгалж үлдэх. Өрийн тогтвортой байдлаа хангаж, дампуурахгүй байх нь чухал болоод байна. Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх 22 төсөлд 13 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байна. Гэхдээ ойрын жилүүдэд 13 их наядыг босгож чадахгүй. Тиймээс эрэмбэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хэрвээ Оюу толгойд эрчим хүч хангах Тавантолгой цахилгаан станц дээр төр оролцвол Засгийн газрын өр нэмэгдэнэ. Өр нэмэгдсэнээр зээлжих зэрэглэл муудна, санхүүжилтийн үнэ өсөх эрсдэлүүд бий.

-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: Хөгжлийн банкнаас Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд  төслүүдэд санхүүжилт олгоно. Манай банкны хувьд эрчим хүчний нэлээд төслүүдэд санхүүжилт олгосон. Чойбалсангийн дулааны цахилгаан станц, “ТЭЦ-4”-ийн өргөтгөлийн төсөл одоо хэрэгжиж байгаа. Ойрын хугацаанд Амгалан, “ТЭЦ”-4-ийн өргөтгөлд санхүүжилт олгохоор судалгаа хийж байна.

Цаашдаа эрчим хүчний салбарт санхүүжилт босгоход дулаан, цахилгааны тарифын шинэчлэл хийх хэрэгтэй. Үүнийг дагаж төрийн өмчит компаниуд санхүүгийн хувьд бие даасан байдалтай болно. Ингэснээр зээлийн эргэн төлөлтөд асуудал үүсэхгүй болно. Ер нь цаашдаа нүүрсний станцдаа хэрхэн ногоон элемент оруулах бодлогоо тодорхой болгох нь чухал. Хүлэмжийн хийг бууруулах бодлогоо тодорхой болговол гаднын банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт татах боломж гарч ирнэ.

-Эрчим хүчний сайд Н.Таваинбэх: Манай салбарын нөхцөл байдал маш хүнд байгаа. Эрчим хүчний салбарт сэргэлтийн бодлого зайлшгүй хэрэгтэй хоёр шалтгаан байна. Нэгд, энэ хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахын тулд сэргэлтийн бодлого хэрэгтэй. Хоёрт, цаашдаа эдийн засгийн ач холбогдолтой том төсөл, нийгмийн хэрэгцээг хангахын тулд шаардлагатай эх үүсвэрийг бий болгох ёстой. Бид 2022-2023 оны өвлийн ачааллыг маш хүнд давна. XXI зуунд хязгаарлалт ярих нь дэндүү бүдүүлэг байх. Гэхдээ бидэнд одоо хязгаарлалтаас өөр сонголт байхгүй. Бид удаан хугацаанд нийгэмд, шийдвэр гарах түвшинд яриагүйгээс ийм нөхцөл байдалд хүрэх шалтгаан болсон. Монгол Улсын эрчим хүчний салбар өнөөдөр ямар ч нөөц тоноглолгүй ажиллаж байна. Импортын эрчим хүч авах зориулалттай шугам сүлжээ, дэд станц, чадал тулсан. Бид шинэ эх үүсвэр барихгүйгээр цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ нэмэх ямар ч боломжгүй болсон. Дээр нь, одоо ашиглаж байгаа эх үүсвэр, дамжуулах сүлжээ, төвийн сүлжээ, тоноглолын 40 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Хэзээ л бол хэзээ эвдрэл гэмтэл гарч, зогсоход бэлэн эрсдэлтэй байдал ажиллаж байна. Манай салбар энэ аваарын горимоос гарах ёстой.

Хүндрэлээс гарах гарц бий. Гол нь зоригтой шийдээд явах шаардлагатай байна. Бид 2030 он хүртэл улирал бүр дулаан, эрчим хүчний үнийг индексжүүлэн нэмнэ.  Шинэ сэргэлтийн бодлогод нэн түрүүнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тусгасан. Жишээ нь, Чойбалсан-Багануур чиглэлд цахилгаан дамжуулах шугам сүлжээ байгуулна, Багануурын дулааны цахилгаан станцыг өргөтгөнө, "ТЭЦ-3"-ыг түшиглэн 400 Мвт-ын шинэ эх үүсвэр байгуулна, Багахангай дүүрэгт 300 Мвт-ын станц байгуулна, Амгалан дулааны станцыг 2025 онд өргөтгөж дуусна.

Монгол Улсын онцлог, өнөөгийн нөхцөл байдлын хувьд хатуу түлшээр ашиглагдах шинэ эх үүсвэрийг барихаас өөр аргагүй. Өнөөдөр байгаа нар, салхи сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт горимын тохируулга хийж чадахгүй, хүнд байгаа. Бид өссөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ импортын эрчим хүчээр тохируулга хийж байна. Шинэ эх үүсвэрийн төслүүдийн бүх ТЭЗҮ, зураг төсөл бэлэн. Одоо хамгийн гол нь санхүүжилт татах асуудал чухал болоод байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ