Ипотекийн зээлийн төлбөрийг дахин хойшлууллаа
Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг цар тахлын тухай хуультай уялдуулан дахин хойшлууллаа.
УИХ-аас “Ковид-19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг багасгах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг энэ оныг дуустал сунган, батлав. Хуулийн үйлчлэх хугацаатай уялдуулан орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкаас холбогдох байгууллагатай хамтран 2022 он дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар шийджээ.
Энэ хүрээнд:
1. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2022 оны 6 дугаар сарын 30-ныг дуустал хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн хуулийн хугацаатай уялдуулан сунгах;
2. Харин ипотекийн хөтөлбөрийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгчдийн хувьд хүсэлтээ энэ оны 4 дүгээр сарын 1-15-ны өдрийг дуустал харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр (банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-ээр эсхүл банканд очин гаргана. Хүсэлт гаргасан өдрөөс эхлэн 2022 он дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах боломжтой гэжээ.
Энэ шийдвэрийн дагуу зээлдэгчдийн гаргасан хүсэлтийг үндэслэн ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах боловч зээлдэгч төлбөр хойшлуулах хүсэлт гаргалгүйгээр зээлийн төлбөрөө төлөх нь зээл хугацаандаа дуусах, ирээдүйн зээлийн дарамт багасах зэрэг эерэг талтайг төв банк мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ