100 жилийн өмнөх Монгол /фото/
Өргөө /1639-1651 он/
1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг. Өргөө нь Монголын шарын шашны төв, Халх Монголын улс төрийн төв, гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Өөрөөр хэлбэл Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ үедээ орсон байна.
Номын хүрээ /1651-1706 он/
Өргөө нэрээр анх ханаа дугуйлсан нийслэл хотын анхны нэр Номын хүрээ болон өөрчлөгджээ.
Их хүрээ /1706-1911 он/
Энэ үеийн гол онцлог нь Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Их хүрээ 1706-1911 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.
XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газар хамаарагдаж байсан байна. Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм.
Нийслэл хүрээ /1912-1921/
Сэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон үе. Нийслэл хүрээ улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон.
20-р зууны эхэн үед Монголд 747 хийдийн 100,000 орчим лам хувраг байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ