Станбулд С.Цэрэнчимэд алт, Х.Болортуяа мөнгөн медаль хүртлээ

 Истанбул хотноо өчигдөр /2022.02.25/ Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит чөлөөт бөх тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-д гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд бүх өрсөлдөгчөө ялж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэн алтан медаль хүртлээ.


Тэрбээр 2022 оны нэгдүгээр сарын сүүлээр ОХУ-ын Красноярск хотод болсон Иван Ярыгиний тэмцээнд аваргалсан ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд энэ удаа түрүүлэхдээ олон шилдэг бөхийг цэвэр яллаа.


Тухайлбал, “Токио-2020” олимпын хүрэл, ДАШТ-ий нэг алт, 3 хүрэл, хошой хүрэл медальт Болгарын Тайбе Юсейнийг, Рио-2016” олимпын хүрэл медальт Энэтхэгийн Сакши Маликийг тус тус цэвэр ялж, хагас шигшээд Африк тивийн анхны олимпын медальт бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тунисын Марва Амриг 12:1, шигшээ барилдаанд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучууд болон 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт АНУ-ын Мэсей Килтийг 12:0-ээр цэвэр ялав. Тэрбээр сарын өмнө нь Красноярскт түүнийг шигшээд барилдаанд оноогоор цэвэр ялсан юм.


Түүний жинд түрүүлэх өндөр магадлалтай бөхчүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байсан Токиогийн олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Киргизийн Айсулу Тыныбекова шөвгийн 16-гийн барилдаанд Бразилын Лаис Нунес Де Оливейрад 0:8-аар хожигдсон.


Дэлхийн чансааны оноо олгох тус тэмцээний 57 кг-д 23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт “Аврагч” спорт хороо, Орхон аймгийн “Соколь” компанийн тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа мөнгөн медаль хүртлээ.



Тэрбээр 1/8 шигшээд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт Германы Элина Бруггерийг 12:1-ээр, 1/4 шигшээд 2021 оны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вероника Чумикова, хагас шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Польшийн Анжелина Лысак нарыг тус тус ялсан.


Улмаар Х.Болортуяа алтан медалийн төлөөх барилдаанд олимп, ДАШТ-ий хүрэл медальт Болгарын Эвелина Николоваг 6:2-оор илүүрхэж яваад цэвэр даруулснаар харамсалтай ялагдлаа.


Ташрамд сонирхуулахад, Энэ өдөр медаль хүртсэн манай 2 тамирчны шагналыг Станбул хотод суугаа Монгол Улсын ерөнхий консул Ш.Хишигсүрэн гардуулан өгсөн гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ