Орос Украиныг эзлэн түрэмгийлэв - Дэлхий хэрхэн хүлээж авав
/2022.02.25/: Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула Фон дер Лейен пүрэв гарагт ОХУ-ын Украин улсыг дайран түрэмгийлсэн явдлыг буруушааж, "Бид Ерөнхийлөгч Путинд Европын аюулгүй байдлын бүтцийг нураахыг зөвшөөрөхгүй" гэж мэдэгдэв.
Фон дер Лейен мөн Оросын удирдагчид болон бизнес эрхлэгчдэд аль болох хатуу хориг арга хэмжээ авахаа амлаж, "Бид Оросын эдийн засгийн стратегийн салбаруудыг гол технологи, зах зээлд нэвтрэх боломжийг нь хаах замаар онилно" гэж мэдэгдэв.
"Үүнээс гадна бид ЕХ дахь Оросын хөрөнгийг царцааж, Оросын банкуудыг Европын санхүүгийн зах зээлд нэвтрэхийг зогсооно" гэж тэр нэмж хэлэв.
Дэлхий даяарх бусад тэргүүлэх хүмүүс хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн бэ?
Европ
Германы канцлер Олаф Шольц Украины иргэдтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, халдлагыг ямар ч үндэслэлгүй гэж хэлээд "Путины дайн" гэж нэрлэжээ.
"Путин энэ дайныг эхлүүлснээрээ аймшигт алдаа хийсэн нь тодорхой болно" гэж Шольц хэлээд Орос хөрш рүүгээ халдан довтолсныхоо төлөө "гашуун үнэ" төлөх болно, мөн нэмэлт хориг арга хэмжээ авах ажил аль хэдийн эхэлчихсэн гэв.
Пүрэв гарагт Шольц ард түмэндээ хандан "Бид шийдэмгий, нэгдмэл байдлаар ажиллаж байна. Чөлөөт ардчиллын хувьд бидний хүч чадал үүнд оршдог. Путин ялахгүй" гэж хэлсэн байна.
Том улсууд жижиг улсуудын хувь заяаг шийддэг Хүйтэн дайны үеийн улс төр эргэж ирэхгүй гээд Шольц "1986 он руу буцах боломжгүй. Путин цагийг эргүүлэхийг оролдож байна " гэж нэмж хэлэв.
Өнгөрсөн долоо хоногт Путинтэй хэлэлцээ хийсэн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон телевизээр хийсэн мэдэгдэлдээ, энэ халдлага нь "Европын түүхэн дэх эргэлтийн цэг" бөгөөд үүний үр дүнд "манай тивд гүн гүнзгий үр дагавар гарах болно, мөн манай улсад өөрчлөлт орно" гэжээ.
Макрон "Бид энэ дайнаас зайлсхийхийн тулд бүх зүйлийг оролдсон, гэхдээ дайн энд байна, бид бэлэн байна. Бид ямар ч сул тал харуулахгүй " гэж Макрон хэлэв. Бид Европын холбоотнуудын бүрэн эрх, тогтвортой байдлыг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Их Британи Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. Тэрээр Украин бол "алс холын орон биш" гэж хэлээд "бид цааш харж тэвчихгүй, бас болохгүй" гэж нэмж хэлэв.
"Оросын дарангуйлагч Украинчууд болон тэдний эх орон эрх чөлөөтэй байх ёстой гэсэн хүсэл тэмүүлэлтэй иргэдийн итгэлийг нь дарна гэдэгт би итгэхгүй байна" гэж Жонсон хэлэв.
Их Британи АНУ, ЕХ-ны нэгэн адил хэд хэдэн хориг арга хэмжээг аль хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн.
Ази, Ойрхи Дорнод
"Их 7"-ын бусад орнуудаас Москватай илүү болгоомжтой харьцдаг Япон Оросын түрэмгийллийн эсрэг барууны холбоотнуудтай хамтран ажиллана гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэлэхдээ, манай улс "зэвсэгт түрэмгийллийг таслан зогсоох, нөхцөл байдлыг энхийн замаар зохицуулах эдийн засгийн хориг арга хэмжээ болон олон улсын бусад хүчин чармайлтыг дэмжиж, нэгдэх болно" гэжээ.
Олон улсын тавцанд Москваг байнга дэмждэг Хятад улс болгоомжтой хандсан бөгөөд Оросыг бүрэн буруушаалгүй, харин "энх тайвнаар шийдвэрлэхийг" уриалав. ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин хэлэхдээ "Өнөөдөр Украинд юу болсныг Хятад улс харахыг хүсээгүй" гэжээ.
Өнгөрсөн хугацаанд Путинтэй найрсаг харилцаатай байсан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьж, "хүчирхийллийг нэн даруй зогсоож", "Бүх талын хамтын хүчин чармайлт, дипломат харилцаагаар" асуудлыг шийдэхийг уриалсан байна.
Хэдийгээр Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан уг халдлагыг "НАТО-гийн өдөөн хатгалга" гэж буруутгасан ч тэрээр "Гал зогсоож, улс төр, ардчилсан шийдэлд хүрэх зайлшгүй шаардлагатай" гэж твиттер хуудсандаа бичжээ.
Израиль бүх Украйны дүрвэгсдийг хүлээн авахаа мэдэгдэв. Гадаад хэргийн сайд Яир Лапид Оросын үйлдлийг буруушааж, "Украины иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна" гэж мэдэгдэв.
Хойд америк
АНУ-д Ерөнхийлөгч Жо Байден хэлсэн үгэндээ "Бид дэлхийтэй ил тод байж, тагнуулын мэдээллээ хуваалцсан... Тиймээс Путин юу хийж байгаа талаар төөрөгдөл байж болохгүй. Путин бол түрэмгийлэгч. Путин энэ дайныг сонгосон" гэв.
Дараа нь Байден Оросын банк, аж үйлдвэрийг онилсон шинэ хориг арга хэмжээг зарлав.
"Бид эдгээр хориг арга хэмжээг Орост үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх, холбоотнууддаа үзүүлэх нөлөөллийг багасгах зорилгоор зориудаар боловсруулсан... Бид ганцаараа ажиллаагүй. Бид дэлхийн эдийн засгийн тэн хагасыг төлөөлсөн эвслийг байгуулсан."
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо "Оросын Украинд хийсэн бүдүүлэг довтолгоог ширүүн зэмлэн буруушааж байна" гэж мэдэгдэв.
Трюдо “Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Украины ард түмэн өөрсдийн ирээдүйгээ чөлөөтэй тодорхойлох ёстой” гэж хэлэв.
Нийгэм
Аймшгийн зохиолч Стивен Кингээс эхлээд реппер Карди Б хүртэл олон алдартнууд халдлагын эсрэг байр сууриа илэрхийлжээ. Формула 1-ийн аварга Себастьян Феттел, Макс Верстаппен нар хэрэв одоогийн нөхцөл байдал үргэлжилбэл ирэх есдүгээр сард болох Оросын гран при уралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
Феттел хэлэхдээ "Тэнэг шалтгаанаар амь насаа алдаж байгаа гэм зэмгүй хүмүүс, маш хачирхалтай, галзуу удирдлагад би харамсаж байна" гэжээ.
Оросын хэд хэдэн алдартнууд Путиныг нэрээр нь дуудаагүй ч дайныг буруушаав. Алдартай телевизийн шоуны хөтлөгч Иван Ургант өөрийн инстаграм хуудаснаа хар дөрвөлжин хэлбэртэй бичлэгийн доор "дайнд үгүй" гэж бичжээ.
Мега од Алла Пугачевагийн нөхөр, инээдмийн жүжигчин, хөгжимчин Максим Галкин ч мөн адил хар дөрвөлжин зургаа нийтэлж, "Дайныг боль!" гэжээ.
Оросын шатрын их мастер Путиныг шүүмжлэгч Гарри Каспаров мөн цахим ертөнцөөр буруушааж, холбоотнуудаа "Украиныг дэмжих", "Путины дайны машиныг дампууруулахыг" уриалав. Тэрээр мөн Оросын төрийн газрын тосны аварга компани Газпромд ажилладаг Германы канцлер асан Герхард Шрөдерийг дуудаж, өөрийг нь яллах ёстой гэж мэдэгджээ.
Эх сурвалж: DW
mpress.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ