Хүн төрөлхтний саяхан учрыг нь тайлж чадсан 5 нууцлаг явдал
Хүн төрөлхтөн аливаа төвөгтэй асуудал, нууцлаг зүйлийн учрыг тайлахын тулд олон янзын аргаар судалгаа шинжилгээ хийж, хариулт олохын төлөө тэмүүлдэг билээ. Чухамдаа ингэж гэмээ нь бид урьд өмнөхөөсөө илүү хөгжиж, илүү өргөн хүрээний мэдлэгтэй болдог. Ингээд бид та бүхэнд хүн төрөлхтний тайлаад удаагүй байгаа томоохон нууц хэргүүдээс хүргэхээр бэлтгэлээ.
Францын далайн эрэг дээр гарч ирсэн Гарфилд мууран утаснууд
80-аас 90-ээд оны үед Гарфилд муурны хүүхэлдэй их алдартай байжээ. Тиймээс үүнээс сэдэвлэн төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн аж. Тэгвэл одоогоос 30 жилийн өмнө Францын нэгэн далайн эрэг дээр Гарфилд муурны хэлбэртэй утаснууд гарч ирэх болжээ. Хүмүүс тэднийг яг хаанаас гарч ирсэн болохыг олж мэдэж чадалгүй олон жил болсон байна.
Харин 2019 онд орон нутгийн иргэд далайд живсэн кантинер олжээ. Тэрхүү кантинер дотроос эдгээр утаснууд хөвж гарч ирж байсан гэнэ.
2 Антуан де Сент-Экзюпери (Antoine de Saint-Exupery)-ийн үхэл
Алдарт “Бяцхан ханхүү” үлгэрийн зохиогч Антуан де Сент-Экзюпери нисгэгч байсан бөгөөд Герман улсад дайн зарласны маргааш нь Францын Агаарын цэргийн хүчинд элсжээ. Тэрбээр Франц улс бууж өгөх хүртэл ниссэн бөгөөд дараа нь АНУ руу нүүсэн юм. Эцэст нь тэрээр 1943 онд Францыг чөлөөлөх цэрэгт орсон ба эх орныхоо төлөө эцсээ хүртэл тэмцсэн байдаг. 1944 оны 7-р сарын 31-нд Антуан Корсика арал дахь нисэх онгоцны буудлаас тагнуулын нислэгээр хөөрсөн боловч үүнээс хойш өөр хэн ч түүнийг дахиж хараагүй юм. Түүнд яг юу тохиолдсон талаар удаан хугацааны туршид ямар ч мэдээлэл байсангүй.
Зарим нь түүнийг дайсанд олзлогдсон гэж байхад нөгөө хэсэг нь онгоц нь жолоодлогоо алдаж осолдсон гэж үздэг. Бүр түүнийг амиа хоохойлж цэргээс оргосон гэж буруутгах хүмүүс ч цөөнгүй байв. Гэхдээ яг юу болсоныг хэн ч мэдэхгүй байв. 1998 онд нэгэн загасчин Марсель хотын ойролцоо Антуан де Сент-Экзюперийн бичиг баримттай цүнхийг олсон боловч энэ нь түүнийг далайд нас барсныг нотолж чадаагүй юм. 2000 онд Антуаны сууж явсан онгоцны сэгийг далайн 70 метрийн гүнээс илрүүлсэн боловч 2003 онд л түүнийг судлах зөвшөөрөл авсан байна. Онгоцыг нь гаргаж ирсний дараа серийн дугаараар нь Антуаных гэдгийг нь баталгаажуулав.
2008 онд Luftwaffe-ийн нисгэгч асан Хорст Рипперт өөрийгөө Антуан де Сент-Экзюперийг буудаж унагасан гэж мэдэгджээ. Тэрбээр Антуаны онгоцыг өндөр хурдтайгаар усанд унаж дэлбэрсэн гэж тайлбарласан байна. Рипперт цэргээс оргосон хэмээн буруутгагдсан зохиолчийн нэрийг цэвэрлэхийн тулд хэргээ хүлээсэн аж.
3 Виндзорын чимээ гэж юу вэ?
Бараг арван жилийн турш Виндзор хотын оршин суугчид нууцлаг нам давтамжтай чимээ сонсож ирсэн бөгөөд үүнээс болж цонх, байшин хүртэл чичирч байв. Энэхүү чимээг хүмүүс аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн буруу ажиллагаанаас авахуулаад засгийн газрын маш нууц зэвсгийн туршилтаас болж үүссэн хэмээн таамаглаж байв. Гэсэн хэдий ч бүх зүйл маш энгийн шалтгаантай байжээ. АНУ-д коронавирусын цартахал газар авч, ихэнх үйлдвэрүүд ажиллахаа болих үед тус чимээ намдав. Үүний үр дүнд буруутан нь хотын баруун хэсэг дэх голын цаана байрлах АНУ-ын гангийн үйлдвэр байсан нь тогтоогджээ. Үйлдвэрийг зогсоосны дараа оршин суугчид чимээ сонсохоо больсон гэж мэдээлсэн байна.
4 Японы иргэд хаашаа алга болсон бэ?
1977-1983 оны хооронд Японы далайн эргийн хотуудаас хэд хэдэн хүн сураггүй болжээ. Тэд зүгээр л ууршсан юм шиг алга болсон нь тун хачирхалтай байв. Тэднийг Хойд Солонгосоос ирсэн тагнуулчид хулгайлсан гэсэн цуу яриа гарч байсан ч энэ нь зөвхөн таамаг байв. 2002 онд Ким Чен Ир эдгээр хүмүүсийг үнэхээр Хойд Солонгос өөрийн мэдэлдээ авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүнчлэн тэрээр хулгайлах ажиллагаа нь түүний эцэг Ким Ир Сений үед болсон бөгөөд засгийн газрын нөлөө бүхий цөөн тооны хүмүүс ийм шийдвэр гаргасан, дээд удирдлага үүнд ямар ч хамаагүй гэв. Хойд Солонгос 13 хүн хулгайлсан гэдгээ хүлээсэн ч тэдгээр 13 хүнээс гадна дахин 17 япон хүн хаачсан нь мэдэгдэхгүй байсаар байв. Үүнээс гадна Японы тал урьд өмнө нь алга болсон 900 орчим Япон иргэний хэрэгт Хойд Солонгос холбоотой гэж таамаглаж байгаагаа илэрхийлсэн аж. Ким Чен Ир уучлалт гуйсан боловч яагаад ийм зүйл хийснээ тайлбарлаагүй байна. Мэргэжилтнүүд Хойд Солонгосчуудыг Японы соёл, амьдралын хэв маягийн талаар илүү ихийг мэдэхийн тулд япончуудыг хулгайлсан гэж үздэг. Ингэснээр Япон руу явуулах тагнуулуудыг илүү сайн бэлтгэж чадах юм.
5 Далайн эрэг дээр хөл үлдээдэг алуурчин
2007 оны 8-р сарын 20-нд нэгэн охин Бритиш Колумбийн далайн эрэг дээр явж байхдаа дотроо хүний тасарсан хөлтэй гутал байгааг олж харжээ. Хэдэн өдрийн дараа ойролцоох арал дээрх хүмүүс үүнтэй ижил зүйлтэй таарсан байна. Тэдгээр хөлнүүд нь бүгд өөр өөр хүмүүсийнх болж таарчээ. Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалт эхлүүлсэн боловч үр дүнд хүрч чадаагүй. Дараа жил нь тэр хавийн далайн эрэг дээрээс ахиад таван хөл олджээ. Хэвлэлийнхэн энэ бүгдийн цаана цуврал алуурчин байх нь гарцаагүй хэмээн мэдээлж эхэлсэн байна. Дараагийн 12 жилийн хугацаанд далайн эрэг дээр нийтдээ 15 хөл гарч ирсэн бөгөөд нэгээс бусад нь гуталтай байсан аж. Хэдэн жилийн турш хийсэн мөрдөн байцаалтын явцад ихэнх хөл нь далайд сураггүй алга болсон хүмүүсийнх болох нь тогтоогджээ. Эрдэмтэд энэ нь цуврал алуурчны хийсэн ажил биш, харин санамсаргүй тохиолдол байсан гэж үзсэн байна. Учир нь Номхон далайд живсэн хүмүүсийн цогцос нь задарсны дараа хөл нь зүгээр л далайн эрэг дээр давалгаанд туугдан гарч ирсэн нь тэр аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ